Wednesday, December 24, 2008

Google search

Google ашиглан нэтээс хайлт хийж байгаад энэ тухайгаа жаахан ч гэсэн бичихээр шийдлээ. Мэддэг нэгэнд нь хэрэггүй байх л даа. Гэхдээ мэддэггүй хүмүүст бол жаахан ч гэсэн тус болох болуу гэж найдан хэдэн товчоо нүдлээ.
Google-ээс хайлт хийхэд хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Энийг хүн болгон мэддэг учраас илүүц нуршаад яахав. Жишээлбэл та Harry Potter киног хайж байгаа бол пид пад бичлээ, enter дарлаа, маш олон үр дүн гарлаа. Бүгд төлбөртэй, эсвэл хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Ийм учраас дараах түлхүүр тэмдэгтүүдийг ашиглавал илүү үр дүнд хүрэх болно.
"+" тэмдэг. Энэ нь заавал байх ёстой гэсэн утгыг агуулна. Жишээ нь "Harry Potter+3" гэж гуравдугаар ангийг хайна.
"-" тэмдэг. Дээрх нэмэх тэмдэгийн эсрэг утгатай. Энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
"~" тэмдэг. Үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр хайна. "~dog" гэвэл нохой болон нохойны хамаатнууд гарч ирнэ. Англиар хайх үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
"OR" тэмдэг. Ихэнх тохиолдолд | гэж бичдэгийн. Эсвэл гэсэн утгатай. Лондон эсвэл Парис дахь амралт сонирхож байгаа бол "vacation London OR Paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулж болдог. Жишээ нь: "DVD player $50..S100" гэж хайвал танд 50-100 долларын үнэтэй DVD тоглуулагчийг олж үзүүлнэ.
Үүнээс гадна тусгай үгнүүдийг тайлбалая:
"site::" үг. Тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтаас хайхыг хүсвэл "site::mn" гэж эхлүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн олон янзаар ашиглаж болно.
"intitle" энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя. Та "?intitle:index.of? mp3(хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал хүссэн дуугаа олох боломжтой. Жишээ нь хэрвээ би Rihanna-гийн Final goodbye дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 Rihanaa Final goodbye" гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж чадна.
"inurl" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернэт хаягийг нь тодорхойлж өгдөг. Жишээ нь "inurl:iaac" гэвэл url-д нь iaac гэсэн үг орсон бүх сайтыг олно.
За ер нь ингээл болж байх шив дээ. Аар саар зүйл орхигдуулсан байж магадгүй. Ерөнхийдөө бол дээрх хэдийг зөв холиод л юмаа хайна даа. Доор хэдэн жишээ үзүүлэнгээ дэлгэрэнгүй тайлбарлахыг оролдоё.

-inurl:(htm|html|php|shtml|pdf)intitle:"index of" (Pukka|Axxo|Fico|Diamond|IMBT) dvdrip xvid
Дээрхийг хаягийн мөрөн дээр copy, paste хийвэл бүх шууд татах DVD-ний буюу сайн бичлэгтэй видеонуудыг олно. Үүний задалбал:
Эхлээд "-" тавьсан байна. Араас нь (htm|html|php|shtml|pdf) гэж орсон байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ихэнх тохиолдолд сайтын өргөтгөлүүдийг хооронд нь OR холбоосоор холбоод урд нь хасах тэмдэгээр үгүйсгэл хийж байгаам. Ингэснээр хайлтын үр дүнд вэб хуудас бус задгай фолдер буюу директор олдоно гэсэн үг. Аа харин араас нь intitle:"index of" гэж байна. Ямарваа нэгэн вэб хуудаснууд сервер дээрээ фолдерт байрладаг бөгөөд тухайн фолдерлуу хандахад доторх index эсвэл default хуудас нь дуудагддаг гэдгийг сайн мэдэх байх. Харин тухайн фолдерт index байхгүй бол browser өөрөө автоматаар index of хуудсыг үүсгээд араас нь фолдерийн нэрийг залгадаг. Бидний жишээнд фолдерийн нэрээр томоохон кино хостуудыг OR ашиглан залгасан байна. Тэгээд төгөсгөлд нь жирийн хайлтад хэрэглэдэг шигээр бичлэгийнхээ чанарыг заасан байна.

intitle:сайтын нэр index.of+"Indexed by Apache::Gallery"+файл
Дээрх жишээнд ямар нэгэн сайт дахь хамгаалагдсан зурагнуудыг авах код бичлээ. Indexed by Apache нь browser-оор бус серверээр үүсгэгдсэн title-ийг дүрсэлж байгаан.

-inurl:(htm|html|php)intitle:"index of"+(.mp3|.wma)"linkin park"
Дээрх жишээнд html, htm, php хуудсуудыг inurl ашиглан хасаад файлынхаа өргөтгөлөөр нь mp3 болон wma-г сонгож, түлхүүр үгэндээ linkin park гэж хайсан байна. Ингэснээр уг хайлтаас linkin park нэгдлийн бүх mp3 болон wma өргөтгөлтэй дуунууд шууд татахаар олдохоор байна. Цааш нь өөрийн болгон ашиглаж сурах хэрэгтэй л дээ. Жишээ нь (.mp3|.wma)-ийн оронд (.avi|.mpg|.divx) гэх мэт видео өргөтгөл өгөөд л клипүүдийг нь шууд татахаар олж болно.

Гол нь зөв түлхүүр өгч, зөв гоё сэтгэх хэрэгтэй.

Thursday, December 18, 2008

Сургамжит үлгэр

Энэ үлгэр бол багш, шавийн тухай үлгэр бөгөөд хүн насан туршийнхаа багшийг олж авах нь хэчнээн чухлыг сургасан юм.

Анх Мял богд гэгээнтэн маш муу хүн байж л дээ. Хүнийг хорлодог, муу сэтгэлтэй хүн байж. Тэгээд энэ сэтгэлээсээ салахын тулд, гэгээрэхийн тулд сайн багшийг олж шавилахаар явж. Тэгээд үнэхээр сайн багшийг ч олж гэнэ дээ. Гэвч харамсалтай нь нөгөө багш нь түүнийг шавиа болгохыг хүссэнгүй, татгалзаж гэнээ. Чи тийм муу хүн байсан тул миний шавь болох учиргүй гэж. Гэвч Мял богд тэр хүний шавь болох чин хүсэлтэй байсан тул татгалзсаныг нь үл тоон гуйж гувшаад ч тусыг эс олов. Нэгэн өдөр багш нь "За чи тэгвэл тэр уулын чулуугаар суварга босгож нүглээ наманчил. Гэхдээ уулын чулууг гараараа бэлдэх ёстой" гэж гэнэ. Тэрээр боломж гарч байгаад баярлан гараараа уулын чулууг ховхлон малтаж суварга хийх ажилдаа орж. Ямар сайн байхав дээ, гар нь урагдан шалбарч мах цус нь тасарч өвдөж зовж гэнэ. Гэвч тэр өөрөө хүссэн учир хийж дуусгажээ. Тэгээд багшаа дуудан үзүүлтэл багш нь ирээд таягаараа нэг тоншсон чинь нөгөө хийсэн суварга нь нурчиж дээ. Дахиад л барьж. Дахиад л нурж. Ингээд мах цусаа урсган байж 8 удаа нураасны дараа 9 дэх удаагаа барьсан нь нуралгүй тогтож үлдэж гэнээ. Гэтэл багш нь "За яахав, чи манай шавь нарын үлдээсэн зүйлийг цэвэрлэж бай" гэж гэнэ. Түүний багш нь сургуультай бөгөөд хүүхдүүдийг шавилан суулгаж ном заадаг байж. Тэгээд хүүхдүүдийн хог шаар, ялгадас зөөн цэвэрлэдэг хүн болж дээ. Сүүлдээ ажилдаа ч дасаж. Түүнийг нэрээр нь биш ажлаар нь дуудан нэрлэдэг байж.

Хаврын нэг өдөр одоогийн хүүхдүүд шиг л багшийнх нь шавь нар сургуулиа дүүргэн баяр хөөрөөр дүүрэн хүүхдүүд хаа сайгүй гүйлдэж байгааг харсан Мял богд маань тэднийг харж баясан сууснаа гэнэт "Өө би ингэж суух ч яахав, ажлаа хийе дээ" хэмээн бодоод босч гэнэ. Гэтэл тэр агшинд тэр өөрийнхөө жинхэнэ нэрийг гэнэт сонсох шиг санагдаж. Тэгээд чихэндээ итгэлгүй цааш алхтал багшийнх нь дуу өөрийнх нь нэрийг дуудаж байгааг дахиад сонсож. Зогтуссан ч дахиад л чихэндээ итгэсэнгүй цааш явж. 3 дахь удаад тэр өөртөө итгэлээ. Яах аргагүй багш нь түүнийг нэрээр нь дуудаж байв. Эргээд хартал багш нь уйлчихсан байж байх юм гэнэ. Ингээд багш нь "Одоо чи миний шавь боллоо" гэж хэлснээр багш шавь хоёр болон холбогдож, Мял богд гэгээрсэн түүхтэй гэнээ.

Нээрээ бодоход хүний амьдралын туршид олон багш байдаг ч насан туршид минь багш гэж хүндлэгдэж байгаа хүн бас л цөөн шүү бодоход.

Thursday, December 4, 2008

Аль нь хамгийн шилдэг вэ?

Бидний өдөр тутмын ажилдаа хамгийн өргөн хэрэглэдэг компьютер гэгч үнэнч андыг минь вирус гэгч дайснаас хамгаалах энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож байдаг Антивирусын програмуудын аль нь хамгийн сайн, найдвартай болохыг харуулахыг зорилоо. Энэ тухай ЭНДЭЭС үзээрэй.

Tuesday, December 2, 2008

Н.Жанцанноров гуайн бодол сэтгэгдэл

Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайг Монголын №1 хөгжмийн зохиолч гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Түүний хэлсэн үг, боддог бодол, уран бүтээл, Монгол орноо гэсэн сэтгэлийг өөрийнх нь тухай бяцхан номноос уншлаа. Жаахан хэсгээс нь сонирхуулья.

Таныг уул гэвэл ямар уул байх вэ?
Дулаан хан уулнаасаа гурав дахин намхан уул байна даа.

Нутгийн захад очиход юу бодогддог вэ?
Эрээн уулын өврөөр Дулаан уулын бараа харагдахад хамар шархираад л ирдэг юм.

Өнөөгийн монгол орныг хөгжмийн зэмсгээр зүйрлэвэл?
Хөггүй ятга.

Авъяас гэж юу юм бэ?
Өөрийгөө илэрхийлэх хамгийн өндөр эрчим.

Онгод өөрөө сэрдэг үү, эсвэл онгодыг та сэрээдэг үү?
Онгодыг би сэрээж тэр намайг хөтөлдөг.

Зөвхөн авъяасаар суутан болох уу?
Тэгдэгсэн бол юм бүтээх гэж махаа идээд яахав дээ.

Авъяас таны боол уу, та авъяасынхаа боол уу?
Хэрэв надад байгаа бол тэр миний боол. Би түүний хаан нь.

Хөгжмийн зохиолч гэдэг гоц гойд хувь тавилан мэт санагддаг?
Хөгжмийн зохиолч гэдэг гоц гойд хувь "тамлан" мэт над санагддаг.

Алдар хүндийн оргилын хаана нь явна вэ?
Би өөрийнхөө довон дээр зогсож байна. Хаана явааг, явах ёстойг төр түмэн мэднэ.

Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгалаа босгож амжсан уу?
Миний бүтээснийг хөшөө болгож босгоно уу, хог дээр аваачиж овоолно уу хойч үеийнхний хэрэг.

Залуу насыг та юутай зүйрлэх вэ?
Эдэлж чадаагүй боломж.

Мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлээгүй явна вэ?
Ерөөсөө юу ч хийгээгүй яваа юм биш байгаа даа.

Зэмлэл, магтаал хоёрын хооронд хэдэн хуруу зай байх вэ?
Магтуулагч ухаалагдуу бол нэг ч хуруу зай байхгүй.

Таны амьдрал төгсөх үү?
Биеийн амьдрал төгсч, миний амьдрал төгсөшгүй.

Юуг мөхөл гэх вэ?
Үндэстний хувьд үндэстэн байх оюун чадавхиа гээх.

Юуг дэвшил гэх вэ?
Өөрийнхийгөө хүнийхээр нөхөх чадвар.

Амьдралын гэрэл сүүдэр хоёрын тухайд?
Өөрийгөө нээж чадсанд нь гэрэл гийж, чадаагүйд нь сүүдэр тусах юм. Миний амьдралын гэрэл гэгээ нь бүтээснээ сонсож эдлэх, сүүдэр нь бүтээх гээд хүчин мөхөсдөх үеүд л юм даа.

Монголчууд бид дэлхий дахиныг чирч явсан удаа бий ч шинэ зуунд орохдоо чирэгдэж болохгүй. Бид морио, морин хуураа, уртын дуугаа орхихгүйгээр барахгүй бусдын олсныг эзэмшиж чаддагаа харуулж эрвийх дэрвийхээрээ зүтгэх ёстой.

Юм бүтээгээгүй үндэстэн хэзээ ч хүний гар доор байдаг.

Хүний сэтгэлд хүрэх аялгууг "махаан зулгааж" байж бичдэг.

Амьдралдаа ганц удаа сонссон сайхан дуу, аялгуу насан турш хүний тархинд хадаатай явдаг юм.

Өнөөдөр жинхэнэ хөгжим сонсох танхим Монголд байхгүй нь харамсалтай.

Би Монголын ард түмэн гэгээн сайхан хөгжим сонсоосой, Монголын хөгжмийн урлаг дэлхий дахинд түгээсэй гэж хүсдэг.

Monday, December 1, 2008

Хөөрхөн дуу байна хи хи



Нэг дүү маань олооод өгөөч гээд захиад байсийн. Олонгуутаа блог дээрээ тавьчихлаа хэхэ.

Friday, November 28, 2008

Амьдралын өнгө

Амьдрал хэдэн өнгөтэй бол? 32 бит, 64 бит эсвэл 1024 бит байдаг юм болов уу? Ямар ч байсан миний мэдэхийн хүн бүрийн амьдрал өөр өөр өнгөтэй. Тэр нь тэгээд өнгөрсөн амьдрал, тухайн үеийн сэтгэл санаа, ирээдүйн талаарх бодол зэргээс шалтгаалан цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ч хэзээ ч яг ижил өнгө байдаггүй. Нэг тодроно, нэг бүдгэрнэ эсвэл өөр нэг туяа орж ирнэ. Хэдий ингэж хувьсан өөрчлөгдөх боловч суурь өнгө бараг өөрчлөгдөхгүй. Бас болоогүй энэ өнгөнүүд маань өөртэйгөө ижил эсвэл нийцтэй өнгийг үргэлж хайж эрнэ. Тэдгээр өнгөний мөн чанарыг таньж, нөхөрлөж, сүлэлдэхийг хүснэ. Энэ бол амьдралын жирийн л нэг хууль.


Заза дуусгаж чадахгүй нь ... Ингээд орхилоо.

Tuesday, November 25, 2008

Аз жаргал


Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэн тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр... Одоо байгаа үеээ хэдэн жилийн дараа эргээд нэг харахад бас л нэгийг бодогдуулах байх даа.

Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Буруу дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүмүүстээ л хамгийн бага хэлж.

Ер нь энэ аз жаргал гэгч чинь юу билээ дээ? Зовлонгийн сүүдэр туссаны дараа сая л жаргалыг ухаарах нь хүний зан юм уу? Нарны гэрэл, солонгын өнгө, бороон дусал, салхи шороо, ширхэглэн будрах цасан гэх мэт байгалийн төрх, нар мандах, сар шингэхийг харах мэдрэмж, өглөө сэрэх, инээх баясах, хайрлах дурлах бүхэлдээ жаргал мэт. Энэ бол амьд байгаагийн жаргал. Бүр уйлах ч жаргал юм шиг байгаан. Тэгвэл энэ хорвоо бүхэлдээ жаргалын диваажин юм уу? гэж бодохоор үгүй ээ, харин ч зовлонгийн далай гэлтэй. Төрсний эцэст үхнэ, учирсны эцэст хагацна, өвдөж зовно, үгээгүй хоосны зовлонг ч амсана. Жаргал нь зовлон болно. Амьдрал нэртэй зовлонгийн далайд сэлж байгаа аятай. Хааяа арай гэж том бага “арал олж” тухлах нь мөнөөх жаргал юм болов уу? Би мэдээж том эх газар хайж байгаа учир сэтгэл ханахгүй тэр арлаас цааш явна, нөгөө л зовлон дундуур сэлнэ.

Жаргал гэж юу вэ гэдгийг мэдрэх л юу юунаас чухал гэж боддогийн. Р.Чойномын Жаргал зовлон гээд агуу бүтээл байдгийг олж үзээрэй. Энд хүний жаргалыг олон хүний нүдээр хараад бичээд тавьсан байгаа.

Friday, November 14, 2008

Андын үг ...

Чамд үг дутвал чи дотроосоо хайж сур
Чамд үнэ дутвал чи нөхдөөсөө эрж сур
Чи өөрөөрөө байж эгэлдээ цомхон орш
Чингэхдээ хумьж биш дотогшоо задгайр

Сайхан өглөө

Өглөө бүхэн нар шинээр манддаг, яг тэр шинээр мандах нартай адил бидний сэтгэл хором бүрд шинэ бас сайхан бодол бүхнээр бялхаж, гэгээлэг тэр бодол бүхэн бидний сэтгэлээс урсан гарч бас бидний бид бүгдийн сэтгэлд гэгээн ухаарлыг авчирдаг гэдэгт би итгэдэг.

Эрдэнийн Цасжин.

Wednesday, November 12, 2008

Зүйр цэцэн үг гэж юу вэ?

Зүйр цэцэн үг бол хүний аж төрөх ёс зан үйл, амьдралын олон талтай үзэгдэл юмсыг нэг төрлийн адил ойролцоо төрх байдлаар адилтган зүйрлэж, далдуур утгаар хүний сэтгэл хөдлөм дүрслэлтэй мэргэн цэцэн үгээр илэрхийлдэг хэвшмэл хэллэг юм.
Хоёр буюу дөрвөн мөрөөр үгийн толгой ба сүүл эцсийн үеийг холбож шүлэглэсэн хэлбэртэй байдаг байна. Агуулгын хувьд өргөн бөгөөд утга төгөлдөр, хэлбэрийн хувьд богино бөгөөд утга адилтган жишсэн чанар бүхий зохиомжтой байдаг учраас хүнд нөлөөлж, хүнийг амьдрал тэмцэлд сурган заах онцлог шинжтэй гэлцдэг билээ. Манай Монгол ард түмэн асар их үгийн нөөц баялагтай гэдэгтэй хэн ч маргахгүй боловуу. Ингээд дээр үеэс бидэнд өвлөгдөн ирсэн болон орчин үеийн зүйр цэцэн үгсээс сонирхуулъя.


Хаан хүн жаргахдаа
Төрийн сайнд жаргаюу
Харц хүн жаргахдаа
Эрийн сайнд жаргаюу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийн сайнд жаргаюу

Илжиг шиг зөрүүд
Зараа шиг хэдэр

Нэг тэмээний шээсэн дээр
Мянган тэмээ хальтрах

Уруул шүд хоёр шиг эвтэй
Уушиг зүрх хоёр шиг холбоотой

Адгуус амьтанд дайсан олон
Албат хүнд ноён олон

Адуу азаргагүй бол
Сүрэг болж чадахгүй
Галуу тэргүүнгүй бол
Цуваа болж чадахгүй

Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч

Алтны дэргэд гууль шарлана
Сайны дэргэд муу сайжирна

Асуух гэдэг лавлахын нэр
Авах гэдэг өгөхийн нэр

Асгасан усыг хураахад бэрх
Хэлсэн үгийг буцаахад бэрх

Богдорхож бурхан болохгүй
Хаанчирхаж эзэн болохгүй

Бөхтэй бүхэн тэмээ биш
Эвэртэй бүхэн буга биш
Будан татаад арилахад
Хөх чоно урвайдаг
Буруу ажлыг зэмлэхэд
Хүүхэд хүнгүй урвайдаг

Бухгүй үнээ
Бордоогүй тариа

Ганган эхнэртэй хүн
Өрнөөс салахгүй

Ганц тэмээтэй хүн
Эрлээс салахгүй
Ганц тэмээтэй хүнд
Эрэл тасрахгүй
Хоёр эхнэртэй хүнд
Хэрүүл тасрахгүй

Гэрийн хэлхээ тооно
Гэдэсний хэлхээ хоол
Төрийн хэлхээ хууль
Төрлийн хэлхээ нагац

Дэр нэгтэй боловч
Санах санаа нь ондоон

Дээр нь дээжийг нь амсч
Доор нь домбыг нь түших

Дээгүүр суух тэнэгийн шинж
Дээжинд дурлах ховдогийн шинж

Жигүүргүй шувуу байдаггүй ч
Нисэхдээн мэдэгдэнэ
Эвгүй хүн байдаггүй ч
Харилцахдаан мэдэгдэнэ

Зүснийхээ мууг мэдэхгүй
Толион муулах
Зүрхнийхээ мууг мэдэхгүй
Нөхрөөн муулах

Зэмлэх үгний ил нь бахтай
Магтах үгний далд нь урамтай

Инээсэн бүгд итгэлтэй биш
Эрдэмтэн бүгд тустай биш

Хүн гэмээ мэдэхгүй
Тэмээ гэдгэрээ мэдэхгүй

Ханилж яваад нєхрєє Зажилж яваад бохио.Хандив єргєвєл гаалийн Баатар, казинод тогловол УИХ-ын гишvvн. Залхуугийн гэрт тvлээгvй Завхайгийн халаасанд бэлгэвчгvй. Нойтон хvний доодох нь дуугvй. Хонгорынхны эрээн гаднаа Могойн эрээн дотроо. Мал дагавал ам тосдоно Нам дагавал халаас тvнтийнэ. Ээждээ эрд гарахыг заах Энхбаярт авилга авахыг заах. Хуурсаар хуурсаар худалч Хулхидсаар хулхидсаар улстєрч. Уур биеийг зовоох Утаа уушгийг зовоох. Vvл буудвал бороо орно Vнэг буудвал вертолёт унана. Соёмбоо дээдэлбэл архичин болно, Архиа уувал талийгаач болно. 10 мянгыг хулгайлвал 1 худагт, 10 тэрбумыг хулгайлвал тєрийн ордонд. Єртэй бол баян, єгєхгvй муривал бvр баян гэх болжээ.

Friday, November 7, 2008

Онигоо ш дээ :)



-Монгол улс яг 18 сая ямаатай гэнэ ээ.
-Дутуу тоо байна аа, наадах чинь!
-Яагаад?
-УИХ-ын 76 ухныг мартчихсан байна шүү дээ!
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Монгол улс анх удаа гүний шумбалтын дэлхийн аваргад оролцож гэнэ. Дэлхийн рекордын эзэн Португалийн тамирчин Нуно Гомес шумбаж явна. 100м. Эргэн тойронд харвал ганцхан Монголын тамирчин л ойрхон нэхэж явна. 200м. Монголын тамирчин дөнгөж ард нь. 300м. Монголын тамирчин гүйцэж ирнэ. Нуно усны үзэг гаргаж зурвас бичив.
- Танай тал нутгийн монголчууд усанд ийм сайн гэж мэдсэнгүй шүү. Би бууж өглөө. Браво!
Монголын тамирчин хариу бичиж байна.
- Тэнэг ээ. Би живж байна, мэдэв үү.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Багш Лена-д:
-Ой, охин гэдэг үг орсон өгүүлбэр зохио.
“-Охин ойгоос гарч ирэв.
-Их сайн байна. Алив Вовка! Вовка:
“-Охин ойгоос гарч ирсэнгүй.” Багш:
-Буруу байна, алдаагаа зас.
-Засагдахаасаа өнгөрсөөн. Тэр дахиж хэзээ ч охин болохгүй…
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Залуу, найз бүсгүйдээ:
-Хоёулаа яаж мөнгө олох вэ? Бүсгүй:
-Надад нэг арга байна.
-Ямар?
-Харин чи хардахгүй, харамлахгүй гэдгээ амла!
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Нөхөр томилолтоор явж байна. Эхнэртээ:
-Миний хайрт юундаа уруу царайлаад байгаа юм бэ? Ямар бүтэн жилээр явах гэж байгаа биш. 10-хан хоноод л ирнэ шүү дээ: Эхнэр:
-Чи 10 хоног гэчихээд л 3 хоноод л ирчихдэг ш дээ…
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Ирээдүйн хадам эх:
-Хүргээн, чи гэр бүлээ тэжээж чадна биз?
-Чадна аа.
-Их сайн байна, манайх 8-уулаа шүү.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
-Чи ямар сургуульд ороо вэ?
-”Анагаах”-д.
-Их сайн байна, би “малын эмч”-д орсон. Хоёулаа төгсөөд бие биеэ эмчилнэ ээ.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Түүхийн хичээлийн шалгалт. Оюутан таг дуугүй… Багш:
-Чи ядаж дэлхийн хоёрдугаар дайны эхлэлээс яриач. Оюутан:
-… эргэн тойрон гал түймэр, их буу, танк, цэргүүд гүйлдээд л… гэсэн гэдэг.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Грузин эрээс:
-Хамгийн гоё шувуу?
-Бүргэд.
-Яагаад?
-Хамар нь гоё…
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Нэг залуу баранд найзуудтайгаа ууж байсан чинь нэг согтуу эр ирээд
- Би өчигдөр чиний ээжтэй загас наадуулсан
гэж доромжлов гэнэ. Залуу чимээгүй. Найз нар нь тэвчээрийг нь гайхна. Тун удалгүй нөгөө эр дахин ирээд
- Би чиний ээжийг...
гээд эхэлтэл, залуу үгийг нь таслан
- Аав та согтсон байна. Харьж унт л даа.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Элбэгээ дарга хөдөө давхиж яваад машин нь онхолдов. Мал хариулж явсан малчин өвгөн дайралдаад оршуулчихаж гэнэ. Хотоос хайсан хүмүүс давхиж иртэл машин онходсон, хүмүүс нь алга. Ойрхон малчин өвөө явж байна гэнэ.
- Өвгөн гуай, осолд орсон хүмүүсийг хараагүй биз?
- Харахаар барах уу даа. Ах нь бүгдийг нь оршуулсан.
- Бүгд нас барчихсан байсан хэрэг үү?
- Элбэгээ дарга ч би амьд байна, би амьд байна гээд байсан. Би ч яахав Элбэгээ дарга болсон хойно худлаа бүлтэрч байна гэж бодоод итгээгүй л дээ.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Ангийн андууд 25 жилийн дараа уулзацгаана. Амьдралаа ярьцгаана.
- Би 5 хүүхэдтэй болсон. Сагсны баг л гэсэн үг.
- Би 11 хүүхэдтэй. Бүр хөл бөмбөгийн баг гээч.
- Би ч 17 эхнэртэй болсон. Дахиад нэг эхнэр авчихвал бүхэл бүтэн гольфын талбай л гэсэн үг.
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Нэг өвөө, цэцэрлэгийн сандал дээр суугаа охиноос асууна:
-Хөөө хүүхээ, чиний наад өмссөн юм чинь богино банзал байна уу, эсвэл өргөн бүс байна уу???
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Нөхөр гайхна:
-Бурхан яагаад Хүүхнүүдийг ийм сайхан бас ийм тэнэг болгосон юм бол оо? Эхнэр хариулав:
-Эрчүүдийг дурлаг гэж сайхан төрсөн юм. Харин яагаад тэнэг төрсөн бэ гэвэл, эрчүүдийг хайрлаг гэж!!!
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Нэг эр гудамжинд “-Гөлөг гөлөөг” хэмээн дуудан явна. Цагдаа:
-Та яагаад олон нийтийн газар муухай үг хэлээд явна?
-Харин ч гайгүй хэлж байгаа нь энэ…
-Юу?
-Би эхнэрээ алдчихаад…
-Тэгээд?
-Тэгээд “-Хөөө гичий…” гэж дуудах юм уу?
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Эхнэр уурлан загнана.
-Согтуу толгой минь, сэрээгээр шөлтэй хоол иддэг юм уу?
-Хутгаар идэж үзсээн, болохгүй байна…
----------------------------------- xa xa xa ---------------------------------
Хижээл эр гэртээ ортол нэг нүцгэн Залуу гутал хувцсаа тэвэрсээр зөрөөд гүйн гарав. Эр үглэнэ:
-Хм, одоогийн энэ залуучуудийг ээ, баярлалаа ч байхгүй, баяртай ч байхгүй…
----------------------------------- xa xa xa ---------------------------------

Google Chrome-ийн лого яаж бүтсэн бэ?

Monday, October 13, 2008

Арын сайхан хангай минь


Үнэхээр сайхан нутаг шүү. Ёстой л нэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа. Нутгаасаа гараад хэдэн жил болохдоо аав, ээж, ахан дүүсээ санахаас гадна тоглож өссөн хөндий, шумбаж сэрүүцдэг Хануй, Тамирын голоо тэр байтугай голынхоо алаг чулууг хүртэл санадагийн.
Зуны халуунд халууцсан хэдэн жаал унаж явсан даагатайгаа усанд орж бужигналдаад л... голын томоос том хавтгай чулуугаар ор хийн, нуруугаа наранд ээн хэвтдэг байсан тэр л үеүүд өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг.
Өглөө эртлэн босч адуундаа мордох мөн ч сайхан шүү. Хөдөөний хүүхэд бүрт унах дуртай морь гэж байдаг байж билээ. Миний хувьд өвөөгийн маань надад нэр зааж өгсөн үүлэн бор нэртэй бие жижигтэй явдал зөөлөнтэй бор морь байсийн. Түүндээ тэр үедээ хамгаас илүү хайртай байж билээ. Тийм болохоор өвөөдөө ч гэсэн хайртай, үгнээс нь ер гардгүй жаал байлаа.
Намар бүх малаа эхлээр нь тавьж, мараатай нууранд очиж хэд хонодог байсын. Жил бүрийн намар өвөөтэйгөө, аавтайгаа тэгэж хээрээр гэр хийж явах үнэхээр жаргалтай шүү. Тэр далимдаа сонгино, жимсээ түүгээд амжина.
Зарим өглөө ээж минь эрхлүүлж орноос босголгүй бор тагшинд минь өрөм боорцог овоолон хийж өгдөг байж билээ. Өглөө сэрэхэд нэрмэлийн үнэр хамар цоргиод л...
Шөнийн түг түмэн одод, намрын ургац хураалт, хадлан бэлтгэх, хонь хурганы ноос хяргах, хөл нүцгэн шавхай малтаж өссөн тэр бүх зураглал зүрхэнд минь тодоос тод хадгалаастай байдаг болохоор би нутгаа байнга санан дурсдаг.

Friday, October 10, 2008

Birthday - Life is time

Хүн хүнээ хайрлаж байж хайр гэгч аугаа зүйлийн хамгийн энгийн ойлголтыг өөртөө бий болгож байдаг юм болов уу. Харин үүнийг бий болгосон үндэс нь ээжийн минь хайр шүү дээ. Сарнай хэдий сайхан ч өргөстэй байдаг орчлонд амьнаасаа амь таслан төрүүлж хорин хэдэн хавар намрыг элээн хайрласан хайранд тань баярлалаа Ээжээ. Хүү нь таньдаа шүүдрийн усаар цай чанаж өгч чадахгүй ч сэтгэл дотроо мөнхөд дээдлэж явах болноо.

Tuesday, October 7, 2008

Миний UB

Нийслэл хот Улаанбаатар шиг минь өвөрмөц сайхан хот энэ дэлхий дээр алгаа. Яагаад гэхээр шаварт унасан шарга даага гэгчээр яалт ч үгүй Монголдоо төрж, хотдоо амьдрахаас өөр сонголт байхгүй учраас муулаад яахав гэж бодсондоо ингэж хэлж байгаам. Өвөлдөө утаан баатар, хавардаа шороон баатар, зундаа хогон баатар, намардаа юу гэдэг ч билээ дээ... Засаад, залруулаад, жаахан хөгжүүлээд өгөхгүй бол авамгүй олон асуудлууд ар араасаа арзайсаар, сарзайсаар...

4 сайхан уулын дунд уйтгартайхан сүүмийдэг хотынхоо газар шороон дээр алхалгүй зүгээр л гишгэсийн. Гишгэхээрээ би шорооноосоо бусгадаг, бусгаснаасаа бургидаг, хахдаг, цацдаг, ханиадаг, найтаадаг, уушгаа хармалдаг, гутлаа өрөвддөг, хувцсаа хайрладагийн. Энэ их шорооноос болоод амраг хосууд салж, эцэг эх нь үр хүүхдээ танихгүй нь холгүй болж байгаан гэсэн. Учир нь хайрт 2 уулзмаар л байдаг, уулзаад суух, зугаалаад явах газар олдохгүй. Олдсон нь баар болж таараад, ороод уугаад, согтоод, унтаад, үг нь олдоод, үхэр нь холдоод дуусдаг гэж байгаа.. Үүнээс болооод олон аавын хүү архичин болсон, тамхичин болсон, ээж болсон, аав болсон, хүсээгүй бэйби үсрээд гараад ирсэн. Хөгшин залуугүй ийм асуудалтай.
Энүүхэн энэ хонхортоо сэтгэхэд нийгэм иймээрээ үргэлжлээд байвал ирээдүй маань бүтэхгүй нь гэж айсандаа, шийдэх арга байдгиймуу гэсэндээ, нэгэн "Мэргэн хүн"-ий үйлдлийг ажлаа. Мэргэн хүний амьдардаг хотод шар будаанаас ч олон байшин баригддаг гэнэ. Байшин бүр өөрийн гэсэн өнгө үзэмж, үүрэгтэй юм байна. 
Жишээ нь: Хотын овоо мөнгөтэй нэг баагий барилга барихаар төлөвлөсөн барилгын зураг, төслөө аваад хотын захиргаан дээр очин хот төлөвлөлтийн "Менежер хүн"-д үзүүлнэ, тайлбарлана. Гэтэл менежер өөдөөс нь: таны барих гэж байгаа барилгын дизайн манай хотын энэ хэсэгт тохирохгүй нь. Үнэндээ хотын баруун хэсэгт Европ загварын байшингуудыг хүлээн зөвшөөрдөг ба өнгө нь бүгд цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Таны төлөвлөсөн барилга бол хотын хойд хэсэгт илүү тохирох учир бид хүлээн зөвшөөрч болноо. Гэхдээ та барилга барих эрхээ авахын тулд барилгаа тойруулаад хааш хаашаа 1км газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та барилга тойрсон барилгаа бага гэж үзэж байгаа бол та хотын хойд хэсэгт сургуулиудын дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн хийж өгч болно. Дээрх 2 нөхцлийг хүлээж авах боломжгүй бол хотын төвд баригдаж эхлээд байгаа "CITY GARDEN"-г барих ажилд өөрийн хувь нэмрээ оруулж болно. Энэ 3 нөхцлийг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол бидний зүгээс танд барилга барих эрх өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой. 
- Цэцэрлэг барихаас өөр сонголт байгаа юу?
- Улсын эзэмшилд байдаг Хөгшдийг асрах барилгыг шинэчлэн өгч болноо.
- Ойлголоо, би барилгаа тойрон цэцэрлэг барих эхний нөхцлийг хүлээн зөвшөөрч байна.
- За тэгвэл та барилгатайгаа хамт цэцэрлэг барих ажлыг хүлээн зөвшөөрсөн баталгаажуулах бичиг баримтаа бүрдүүлж дууссаны дараа барилгын эрхээ авч, ажлаа эхлэнэ үү... 

Барилга, байгууламж барихаар зэхэж байгаа хар мянган компаниудыг хот төлөвлөлтийн газраас нь ингэж зохицуулдаг юм билээ. Хотын хаан, ямар дизайнтай, ямар өнгөтэй, ямар өндөртэй, ямар зориулалтаар ашиглагдах барилга баригдахыг уже төлөвлөсөн байх ба цэцэрлэгжилтийг хэрхэн хийх, цаашлаад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талыг нь хүртэл холбон төлөвлөж чадсан нь гайхмаар юм шиг, биширмээр ч юм шиг. /манайх энэ аргыг хэрэгжүүлээд эхэлбэл менежер нь авлигад автах нь бүүр их болчдийм биш байгаа. Гэхдээ тэднийг хянах байгууллагыг зөв голдиролд нь оруулах арга бас байнаа./

Хотын маань хот төлөвлөлтийн менежерүүд нийслэлээ төлөвлөх ажлаа сайн л хийж байгаа байлгүй. Монгол, Улаанбаатар гэхээр л газар шороо гэдэг үг амнаас гардаг. Харин одоо зүлэг, мод гэж өөрчлөх боломж бидэнд байгаа. Хот маань тэр чигээрээ цэцэрлэгжээд ирвэл амраг хос, оюутан залууст гуя алгадам завшаан болж, хүүхэд залуучуудын маань хүмүүжлийн доголдлыг засахад гөөмөн сайхан ажил болно доо.  Ядаж л талбайн хажуугийн дуусаагүй барилгын цэцэрлэгжүүлсэн ганц талбай дээр овооролгүй хуваагдаал, тараал, бутраал амар байхгүй юу. 
Юу ч хийхгүй байжийхаар туршаад, хэрэгжүүлээд, арга хэмжээ аваад үзэх л хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орнуудын ихэнх нь энэ аргыг хэрэлэж байхын. Муудсан юм ер алга. Бид ч гэсэн юугаараа дутдийн тэ...

Миний сайхан хотод өнөөдөр жаахан цас бороо холилдож орлоо л доо. Гэтэл яасан нөгөө сайхан шороо нь хогтой нийлж нороод сайхан зуурмаг болж байгаам. Зуурмаг нь хатаад юу ч болдог билээ дээ. Энэ мэтээр яриад байвал авамгүй асуудлууд ар араасаа арзайсаар, сарзайсаар...  

Wednesday, September 24, 2008

Sergey Brin блог бичиж эхлэв

Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг Sergey Brin саяхан blogspot дээр маш энгийн загвар бүхий too гэсэн нэртэй өөрийн блогоо бичиж эхэлжээ. Түүний бичсэнээр "Миний блогт тавтай морил. Google нь Googol-ын хэмжээнд байдаг бол too нь зүгээр энгийн нэг 2-ын тоо гэж ойлгож болно. Энэ блогтоо ажлынхаа талаар бус өөрийнхөө амьдралын талаар бичиж байх болно." гэсэн байна. Ингээд түүний блогоор зочилцгооё.
http://too.blogspot.com

Tuesday, September 23, 2008

Найзын тухай

Ажил дээрээ бичиж сууна. Дарга жаахан орчуулах материал өгсөн ч ахих нь тун бага, явдаггүй ээ. Ингээд вимо-р жаал хэслээ, тэгээд гэнэт удаан жил нөхөрлөсөн найз нарынхаа тухай бичмээр санагдаад, бичих санаатай хэдэн товчлуур цохиж сууна.

Ер нь би гэдэг хүн сургууль төгсөж хоолондоо залгаснаас хойш юу хийж гүйцээв ээ гэж бодогдоод тоолсон чинь тоймтой юм үлдсэнгүй ээ. Уул нь зөндөө ажил байхын гол нь өөрөө сэтгээд хийсэн нь ховор юм, хүний өгсөн үүргээр бол сайн л амжуулсан байхын. Уул нь оюутан байхдаа жаахан мэрийдэг хүн байж билээ. Даанч сүүлдээ эрс буураад хувиа хичээсэн бессемист болж хувирсан юм шиг байна. Гэтэл яг тийм гэхээр нийтэч хэвээрээ байхын. Яасан олон найз нөхөдтэй байсын сүүлдээ байгалийн шалгарал яваад зарим нь давааны ёроолд үлдэж, заримыг нь би замдаа гээж, зарим нь намайг гээж эцсийн шалгаруулалтанд эрчүүдээс 3 сайн найз үлддэг байна ш дээ. Дотно гэдэг утгаараа л даа. Гэхдээ сайхан найзууд олоон олон. Монголдоо төдийгүй гадаад бий.

Би их сургуулийн хоёр лаг найз, нэг 10 жилийн тас найзтай хүн л дээ. Алдаж оносон амьдралын нугачаа бүрийд хамтдаа байж аажуухан ч гэсэн бид хэд хамт өтлөж байна хэхэ.

Хамгийн эхлээд багын найзаасаа хэлий л дээ.

Тэр бид 2 бүүр горшокны найзууд. Сумын яслид мөлхөж яваад мөргөлдөж танилцаж билээ. Тэр бамбарууштай горшоктой би чонотой горшоктой. Хааяа горшокоо булаалдаж уралцдаг байлаа гээд хадуураад байхгүй юу хэ хэ. Бараг л мэдээ орох цагаасаа найзалсан хоёр баагий. Мөн ч олон зодолдож тэр хэрээрээ эвлэрсэн юм байна даа багадаа. Харин ухаан сууснаасаа хойш нэг удаа ч гар зөрүүлж тэр байтугай ам зөрж үзээгүй юм даг. Найз нар ямар байдаг тийм л замаар явсан. Хоосон хонгио, хоолтой мантуутай байхдаа ч бие биенээ орхиогүй ээ. Бараан өдрүүд таарвал хамт гуньж, баяртай өдөр байвал дарвайтлаа инээлдээд л арван жилээ хүртэл нэг ангид төгсөж нэг мэдэхэд бид хоёр найзлаад 22 жил өнгөрч. 10 жилээ төгсөөд үй зайгүй найзтайгаа их сургуульд орохоор ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад хотын бараа харваа. Хөөх хот гэдгийг чинь анх үзээд баахан балмагдаж, хаана яваагаа ч мэдэлгүй эргүүтсээр нэг муу юм гэр сургууль хоёрынхоо хооронд гэлдэрдэг байж билээ. Мань хүн Багшийн дээдэд би МУИС-т орсийн. Тэр үед гар утас гээч нь бараг байхгүй бие биенээ хүн амьтнаас сураглан байж уулздаг байлаа. Одоо манай энэ хүн солонгос оронд ажиллаж амьдарч байна. Байнга л мессенжерт орж ирнэ. Заримдаа бүгдийг мартаад баахан буу халчихана гэж байгаа. Багын найз Мэндээ бид хоёрын нөхөрлрсөн түүх товчхондоо нэг ийм.

Би гэж гөжүүд баагий МУИС-ийн геологийн анги авчихаад түүндээ орохгүй гэж аавийгаа баахан шатааж байж ангиа солиулан МКС-ийн хэрэглээний математикийн ангид 9 сарын 1-нд арайхийн орж амжив. Тэгсэн нь их сургуулийнхаа 2 найзтай учрах гээд л зүтгээд байсийн байж.

Анх ангидаа ороод Архангай нутгийнхаа сайн ярьвал нэг суманд төрсөн Нямаа гээч даруухан, хэнтэй ч яриа өдчихдөг бандитай таарваа. Бид 2 чинь уул нь бие биенээ аймгийн математикийн олимпиад дээр хэд хэдэн удаа харж байсан удаатай л даа. Манай энэ хүн аймгийнхаа нэг номерийн тоочин, урдуураа улаан хөлтэй амьтан гаргаж үзээгүй, жил бүр улсын олимпиадад явна. Ямар сайндаа л Эрдэнэмандалын гавал гэдэг нэртэй байхав. Мань 2-ийн чинь аавууд бас л нэг нутгийн, их сургуулийн найзууд гэж байгаам. Тэгсэн чинь бид 2 ингээд таарчихдаг. Түүнд нь одоог хүртэл билэгшээж явдгийн.

Ингээд л Нямаатай нэг сургуульд бүр нэг ангид санаандгүй байж байгаад л ороод ирсийн. Найзалсаар найзалсаар хаа ч явсан хамт явсаар. Нямаа маань их ухаалаг, аливаа зүйлд буйртай ханддаг, тууштай санаа бодолтой ний нуугүй хэлэхэд хүнлэг гэхэд дэндүү хүнлэг хүн. Их сургуульд ороод ч тэр сурлагаараа урдуураа оюутан гишгүүлээлгүй онц дүнтэй төгссөн юм.

Одоо бодоход найз маань надад тусалсан нь миний түүнд тусалсанаас хэдэн арав дахин их юм билээ. Тэр бүгдийг бичээд байвал дэндүү урт чагсаалт гарах байх даа. Бид хоёр нэг нэгнийгээ юу хэлэх гээд байгааг шууд л мэддэг. Манай хүн их сургуулиа төгсөөд Монголын төмөр замын удирдах газар програмистаар 3 жил ажиллахдаа ямар том хэдэн систем бичсэн гэж бодож байна. Төмөр замаар зорчих хэдэн сая зорчигчдын бүхий л тооцоог хийдэг билет кассын систем, төмөр замаар тээвэрлэгддэг хэдэн сая тонн ачаа тээшийн тооцооны систем гээд хэд хэдэн томоохон биш томоос том системүүдийг зохиож, хариуцаж явсийн. Мань хүнийг нэг цаг гэртээ байхад нь л төмөр замийн ажил зогсох дөхдөг тийм л хэрэгтэй хүн нь. Үнэхээр найзаараа бахархдаг. Бас гарын дүйтэй гэж байгаа зурна, сийлнэ.

Одоо Нямаа маань аралын Японд ажиллаж амьдарч байгаа, лаг програмист. Бас л байнга мессенжерээр чатлана, сонин хачнаа хөөрөлдөнө.

Их сургуульдаа дотно нөхөрлөсөн бас нэг найз бол Туулайхүү. Уг нь жинхэнэ нэр нь Эрдэнэтуул л даа. Гэхдээ бид нар янз бүрээр дуудна. Туул, Эрка, болжмор нухдаг гээд л. Анх нэгдүгээр курст сурч байхад манай энэ хүн тараад л хаашаа явдгийн бүү мэд таг алга болчихно. Мань 2 той нээх нийлкү. 2-р күрсээс л ойртсоор ойртссор нэг л мэдэхэд үй зайгүй найзууд болсийм даа. Бас л толгойтой, хөгжилтэй, тусч. Бид хэдээс хамгийн түрүүнд аав болсон хүн дээ. Сургуулиа төгсөөд л Солонгос явхаар хөөцөлдөж эхэлсэн. Бүтэх нь, бүтэхгүй нь, хөөцөлдөж байна гэсээр байгаад л яваад өгсөн. Одоо мөн л Солонгост ажиллаж амьдарч байна.

Хорвоо гэж сонин шүү. Ийм сайн хүмүүсийг надтай друзья болгож орхидог. Бидний 2 нь Солонгост, 1 нь Японд харин би Монголдоо. Бид хэд үсээ цайж, шүдээ үйртэл хамт найзалсаар явах байх гэж боддог юм.

Олон сайн найз нар ар нуруунд хутга шааж байхад миний муу найз нар өртөн байж хамгаалдаг байж билээ. Миний өмнөөс олон олон мэсэнд өртсөн найзууддаа төлж үл барам өртэй ч түүнийгээ алба юм шиг боддогт нь би тэдэндээ баярладаг. Нэг л өдөр бид хамтдаа насны намба заан тагтан дээрээ гаанс нэрж суух байх даа анд нар минь.

Та хэдтэйгээ удахгүй уулзахын ерөөл тавья даа.

Friday, September 19, 2008

.:Сайхан өдөр байна:.

Өнөөдөр нар гийсэн нэг л сайхан өдөр байнаа. өдөр судар ч жирэлзээд талийж өгсөн байхшив. нэгдүгээрт, амьдрал супербизи байна. зав чөлөөгөөр нь нэт энэ тэр шагайх ч оройд нь нисэх энэ тэр лүү далийж цагаа барсаар.
Хоёрдугаарт, есөн сарын дунд гэдэг чинь тариа ногоо хураагаад пижигнээд л нэг их удалгүй айлчлах анхны цасыг өөр дээрээ том томоор оруулж амьдралын эерэг эффэктүүдтэй микслэж гальт төсөөлөн бодоол ... нэг тиймэрхүү бүүдгэр голдуу өдрүүд байдаг ч билүү гүй ч билүү. халуун кофе уумаар ч шиг. уржигдар 17-нд хажуугийн зочин буудалд нэвт хурим найр болж унтах цагаар салют пижигнүүлж зүрхний өвчнийг минь жаахан сэдрээв. би тийм юманд үнэн голоосоо дургүй. хиншүү утаа үнэртэх ч шиг, байлдаантай кино санагдах ч шиг. юутай ч монголчууд маань хоосон тэнгэрт цацаж үрэх мөнгөтэй л болсийм билээ. мөнгө нь байгаа бол луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаа алга, гэхдээ л ... за за зүгээр л хэлж байна.
ойр зуур гэвэл нэг иймэрхүү, хол алсуур гэвэл янзүрийн том жижиг дампуурал, алтан медаль энтэр, их хурал, алт зэс, сонгууль цуглаан, сая тэрбум төгрөг энтэр гээл сонин содон их л байгаа байх. за тэр ч яахав ... тэгэсхийж байгаад юуны ч тухай биш, хэний ч тухай биш хазгай муруй юм бичнээ яадын хэ хэ.

Өнөөдөр блогоо нээлээ :-)

Өнөөдөр Блог-оо нээлээ :-) Завандаа ...