Friday, August 27, 2010

Хүн чанар

Хүн болгонд өөрийн гэсэн үнэ цэнэ, ертөнцийг үзэх үзэл, хүн чанар байдаг. Харин тэрхүү үнэлэмж, үнэ цэнэ нь аюулд орсон тохиолдолд хүн амиа хорлох эсрэгээр бусдыг хөнөөхийг завддаг юм уу гэж бодогдоод байдгийн. Ямар нэгэн хувь хүн, албан байгууллага, үндэстний үнэ цэнэ нь хувиа хичээх үзлээ даван гарч чадаагүй цагт тэрхүү этгээд зөвхөн өөрийгөө хорлоод зогсохгүй нэг завин дээр буй бүх хүнээ далайн хүйтэн ус руу унагаж байгаа хэрэг юм уу даа гэж бас бодно. Тэр завин дээр нь та, би, таны гэр бүл, найз нөхөд, эмээ, өвөө бүгд бий. Мөн тэр завин дээр таны үнэтэй хаус, тансаг машинууд, чамин гар утаснууд, үнэт эдлэлүүд чинь цөм бий. Завь хөмөрсөн л бол бүгд гүн ёроол бүхий харанхуй далай руу живэн алга болно.
Хүн төрөлхтөний шунал тачаал хязгааргүй юм л дөө. Ядаж байхад тэрэн дундаа “юм үзээгүй Монголчууд бидний” аяглаж буй царайг. Тэр хэмжээгээрээ бид амьдран буй байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо өөрсдийн тааллаар байлгахын төлөө бүхнийг умартан хичээхий нь яана. Харамсалтай нь чадаж байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн цаг хугацааг хүртэл захирахыг эрмэлзэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Өндөр технологийн хүчээр хүн дэлхийн аль ч өнцөгт 48 цагийн дотор хүрэх “чадвартай” болчихжээ. Жилийн тоотой хэдэн саруудад ургадаг ургамал, жимсийг асар том хүлэмж, хүчтэй химийн бордоогоор хоногийн 24 цагийн турш ургуулж нэгэнтээ чаддаг болсон байна. Хоорондоо эрхтэн шилжүүлэн суулгадаг болж. Энэ мэтээр хиймэл ертөнцийн эхлэл аль хэдийн тавигдчихаж. Тун удахгүй бүх хүн үхэшгүй мөнх амьдрахыг хүснэ. Алтан загасны шуналт эмгэний хүслийг хөөрхий жараахай чадлаараа л биелүүлээд байгаа нь тэр юм шиг.
Зугаа цэнгээний томоохон төв болох Лас Вегас хотын нүд эрээлжилмээр шөнийн хурц гэрлүүд нь хүн болон амьтад, жигүүртэн шувуудын цаг хугацааны мэдрэмжийг аль хэдийн алга хийсэн байна гэж баримтат киногоор гарч байхыг үзлээ саяхан. Үүрээр жиргэдэг шувуу, тахианууд шөнө дунд жиргэн донгодох болж тэр байтугай олон мянган гэрлийн халуунаас болж намартаа навчсаа гөвдөг модод хүртэл “нүцгэлэх” шаардлагагүй болж улирлын мэдрэмжгүй болсон байна. Таныг нэг хувцастай хэдэн жил байлгавал үнэр танар чинь дийлдэхээ байж өвчний үүр болж эхэлнэ биз дээ? Мод хэлгүй болохоор бурханд л гомдохоос өөрийг хийж үл чадах байх зайлуул.
Бидний амьдарч байгаа дэлхий маань хүн дүүрэн чихсэн ямбий микро шиг “ачаалал”-аа даахаа больж байна. Эх дэлхийн “амаржийн”, тоормозны накладка гэж авах юмгүй болсон. Жаахан “донсолгоо” таарангуут тэр чигээрээ цунами, хар салхи үүсгэн сэгсчиж, гэнэтийн саад замд харагдвал тоормозоо барьж чадалгүй очоод мөргөөд эхэлжээ зайлуул. Хүн нь дүүрсэн микронд өвөр дээрээ сууж "zip"-лэгдэх нь стандарт болсон шиг дэлхийн хүн төрөлхтөн талаар нэг тарж биш, тэнгэр баганадсан байшингуудад сансар өөд тэмүүлэн “шопроодлон” өдөр хоногийг элээх хэвийн үзэгдэл. Тэрбум гаран хөршөө тэжээж, хувцаслаж, тансаг амьдруулахын тулд та бид хүний гар хүрээгүй ойг хайр найргүй цавчин газар гарган, алт, зэсний төлөө дэлхийн гэдсийг онгичин гол мөрнийг нь хатааж, амьтан, ургамлын аймгийг нь бүлэглэн устгаад бараг дуусах нь дээ, харамсмаар. Хятадад идэх юм олдохоо болиод тэр үү, бусдаас ялгарч тансаглахын тулд тэр үү бүү мэд хүний ураг хүртэл иддэг болсон гэх мэдээ уншив интерэтээс.
Хүний хязгааргүй хэрэгцээг хягзаарлагдмал нөөцөөр хангах шинжлэх ухааныг эдийн засаг хэмээнэ гэж олон жилийн өмнө сургуульд заалгуулж байсан. Нөөцөд хязгаар гэж нэг юм байдаг юм гэдгийг өдгөө хүн бүр сайтар ойлгож эхэлж буй гэж найдаж байна. Та энд алтан гинж авч зүүж байх хооронд цаана чинь 5 хүүхэд өлбөрч үхэж байх юм. Та бидний хүсэл мөрөөдлийн хязгаар болсон өндөр хөгжилтэй орнуудын тансаг хэрэглээнд хүрэхээр тэмүүлж буй хэт хурдацтай хөгжил нь байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулж, дэлхийн дулаарлыг үүсгээд нилээд удаж байна. Цагийн Хүрдээр хэзээ ч билээ ярьж байна билээ. Дэлхийн дулаарлаас болж 200 гаруй шинэ халдвар өвчин гараад байна. Үүний 70% нь хүн гэдэг амьтанд шууд халдварладаг гэсэн шүү. Хүний өвчин дуусаад (нүдний ханиадыг эс тооцвол) амьтдын өвчин эхэлжээ. Гахайн ханиад, шувууны ханиад, тарваган тахал, хижиг, үхрийн боом, араатан чоно, тэжээвэр малын галзуу, шүлхий өвчнүүд, гар, хөл, амны өвчин . . . гээд л хөвөрч байна. ДОХ-ийн вирус анх шампанзе сармагчингаас үүсэлтэйг эрдэмтэд батлаад тэрүүгээр нь дэлхийн хэдэн сая хүн халдварлагдаад талийгч болоод байж байна. Хүнтэй хамгийн ойр байдаг нохой, муурны өвчин гарвал та бид ташраараа үхэх нь гарцаагүй хэхэ.
Алтан загас уурлаад хүн төрөлхтөнийг тэр чигээр нь сөнөөлгүй харин ч хүй нэгдлийн үе рүү буцаавал азны колъя болох байх даа. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг хувиа хичээх үзлээ бултаараа багасгаж, хөөрхий өвгөн шиг реалити шоуны дүрд тоглож байгаа хажуу нэгнээ хайрлацгаая. Хажуу дахь нэгэнтэйгээ жинхнээсээ найзлаагүй түр зуур “ашиглаж” байгаа бол ядаж тэднийгээ “гамтай хэрэглэцгээе” тэхүү. Тэрхүү “хэмнэлт, өрөвч зан” нь та бидний үр, ач нарыг хэд хоног ч гэсэн шар нар, бор хоногийг илүү үзүүлэх байх гэж найдах юм. “Алсдаа” элэнц, хуланц өвөө гэж дуудагдах юмсан. Амьдралынхаа үнэ цэнийг бултаараа мэдэрцгээмээр л байхын :-)

Wednesday, August 18, 2010

Шударга байхад шударга ёс хэрэгтэй

Германд байтугай дэлхийд дээгүүр орох Гафф инжинеринг компаний эзэн Гафф гуай нас сүүдэр 79 хүрч тэтгэвэрт гарахаар шийдэн хэдэн хүүхдүүддээ хөрөнгөө хариуцуулжээ. Гэвч насаараа хөдөлмөр хийсэн өвгөн хийх юм олдохгүй уйдаад хов хоосонгоос бизнес хийж үзье гэж бодож. Тэрээр Нигерид очин газрын тосны наймаа тохирон түүнээ Хятадад зарах болжээ. Нигерид зам барих төсөл олоод нийлүүлэх нефтийнхээ төлбөрт хятадуудыг ажиллуулав. Ингээд яг нэг жилийн дараа өвгөний бизнесийн цэвэр ашиг 35 сая евро гарчээ. Гафф гуай татвараа өгсөн л бол үлдсэнийг нь шатаасан ч болно, өвлүүлсэн ч, үрсэн ч өөрийнх нь дур. Яагаад гэвэл энэ бол түүний хөдөлмөрийн үр шим. Гафф ганц мөнгө гаргалгүйгээр жилийн дотор ийм баялагийг бүтээж дөнгөсөн нь хэн дуртай нь ингэж чадна гэсэн үг биш. Хэн дуртай нь ингэхээр тэмүүлэх оролдох эрхтэй, харин үр дүн ижил гарахгүй. Учир нь дээрх баялаг бол Гафф гуайн чадвар, мэдлэг, туршлага, мэдрэмж, нэр хүнд, өнгөрсөн намтар, овсгоо, ур ухааны үр шим юм. Гаффын богино хугацаанд буй болгосон баялагийг зам тавьж буй хятадууд ч, нефтээ худалдсан нигеричүүд ч булаацалдахгүй. Хэнийх нь толгойд ийм гаж бодол орж ирэхгүй. Учир нь тэд хөгшний бүтээж буй опперацид оролцож зохих шангаа хүртэн сэтгэл дүүрэн үлдсэн. Өвгөн тэдний хэнийг нь ч хуураагүй, шахаж албадаагүй. Үйлдэлд бүх талууд сайн дураараа оролцсон ба буй болох үр дүн эхнээсээ бүгдийн сэтгэлд нийцсэн байгаа. Харин далимд сонирхуулж хэлэхэд дэлхийн ийм нэр хүндтэй том компани болох Гафф инжинеринг Монголын замын тэндэрт ороод манай нутгийн луглагар компаниудад хоёр ч удаа ялагдсан гэж байгаа.
Тэгвэл төстэй өөр нэг жишээг авъя. Атрын 3-р аян хэмээн шуугиад байхаар нь миний нэгэн танил тариа тарьж “мөнгө хийх”-ээр шийджээ. Газар түрээсэллээ, үр худалдаж авлаа, техник олж ирлээ, ажиллах хүчин ч хөлсөлж. Түүнд хөлсөөр ажилласан хүмүүс сар болгон 200 мянган төгрөг авч байсан нь орон нутгийн утгаар өндөрт тооцогдоно. Тэгээд ч хаврын тариалалт, намрын ургац хоёроос бусад цагт тэд голдуу найр наадам хэсэж явсан. Энэ жил ямар сайхан зун болов оо! Ургац арвин. Арвин ургац арвин хэрүүл үүсгэлээ. Хотоос ирсэн энэ хулгайч бидний газар дээр юм тарьж ургуулаад биднийг хуурч хэдхэн муу бор цаас харуулчихаад өөрөө болохоор шуудайлаад алга болох нь! Бариад аваарай, шаарыг. Алдчихаваа! Ийм муухай юм гэж байхгүй. Бид мөлжүүлж байна. Тэгэж ярихгүй. Шудрага үнэн мандтугай!...
Хамтын хөдөлмөрөөр буй болсон баялаг хэзээ ч тэгш хуваагддаггүй. Ганц харандаа үйлдвэрлэхэд үй олон мянган хүн хамтран гүйцэтгэж эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулж байгаа боловч буй болсон үр дүнг бүгд тэнцүү хуваагаад авчихвал хамаг утга учир алдагдана. Хүмүүс тэгш бололцоотой байх ёстой болохоос тэгш хүртдэг болчихвол эцсийн бүлэгт хэнд ч ажил хийх сонирхол төрөхгүй. Хэн хичнээнийг хүртэхийг харин зах зээл шийддэг. Ашиг хувааж болно, гэхдээ энэ нь “хувьцаа” гэсэн өөр ойлголтонд хамаарна. Хүмүүс төрөхийн тэгш төрдөггүй, зарим нь хоолой сайтай учир дуулаад л их мөнгө олж байхад зарим нь булчин сайтай тул уурхайд хүнд хөдөлмөр эрхлээд дуучнаас хавьгүй бага шан хүртэнэ. Нэг хэсэг нь зохион байгуулна, нөгөө хэсэг нь бодно, нэг хэсэг нь эмчлэнэ, нөгөө хэсэг нь сургуульд ном заана. Тэд ч хоорондоо ижил биш учир сайн эмчийг зах зээл үнэлж өндөр шан олгож байхад барагтай эмчийг төрийн хүнд суртал цалинжуулж таарсан бага мөнгийг нь олгоно. Зэрэгцээ хоёр түцийн нэг нь юмаа сайн борлуулж нөгөө нь огт орлого олохгүй байгаа нь худалдаж буй хоёр хүний чадвар өөрөөс болж буй хэрэг. Харин сарын сүүлээр орлогыг нь хурааж нийлүүлээд хоюуланд нь тэнцүү хуваагаад өгчихвөл юу болох вэ!
Чөлөөт зах зээл бол хүмүүс хоорондын чөлөөт хэлцэл тохиролцооны нийгэм юм. Бараа бүтээгдэхүүний нэгэн адил хөдөлмөр оролцооны өртөг үнэ хэлцлээр тогтдог. Хэлцэгч хоёр тал аль алин нь зөвшөөрөх тэр цэг дээр тохиролцоо үүснэ. Үүнийг үнэ ч гэж хэлнэ. Үнэ ингэж бүрэлддэг. Ингэж бүрэлдсэн үнийг бид шудрага гэж үнэлнэ, ингэж яваа процессийг шудрага ёс гэж үзнэ. Үүнээс гажвал хулгай, дээрэм, луйвар, залилан гэх. Иймээс шудрага тохироо бол хүний нийгмийн магадгүй хамгийн үнэт зүйл мөн.
Яагаад бидэнд хүний нийгмийн ийм чухал амин сүнс болсон ухагдахуун сууж өгөхгүй байгаа юм бэ? Ерээд оны эхээр Английн Тэмүүжин Мэнч хэмээх компани Монголд орж ирж олон хүнийг ажилтай болгож байсан. Харин үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хавьгүй их доллароор барууны орнуудад зардгийг нь мэдсэн ажилчид нь ашгаа тэнцүү хуваахыг шаардаж бослого гарган үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эвдэж, цуглаан суулт зарлаж, эздийг нь зодох гэж элдэж байв. Уг нь тэдэн шиг оёдлын үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ өндөр үнээр Америкт зарах бололцоо онолын хувьд монгол хүн болгонд бий. Гэхдээ тэгэж чадахгүй, үүнд туршлага нэр төр түүхэн замнал овсгоо самбаа чадвар чадамж хэрэгтэй. Тэмүүжин Мэнч тэр дороо гараад явсан, үйлдвэрээ Өвөр Монголд зөөсөн. Одоо тэд Далян, Мүгдэн зэрэг арваад газар салбартайгаар Хятадад амжилттай ажиллаж байна. Америкийн Ийгл телевизийн ажилтан сэтгүүлчид рекламын мөнгөө тэнцүү хуваахыг шаардан бослого гаргаж байсныг санаж байна. Оюу толгойг монголчууд нээгээгүй, тийш нь ямар ч монгол хүн болон байгуулллага ганц улаан мөнгөний хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэд хэлцлээр ирж өөрсний хөдөлмөр хөрөнгөөр газрын гүнээс юм олж баялаг болгосон. Харин буй болоод мөнгө цухуйгаад эхлэнгүүт монголчууд тэднийг сүрдүүлэн хөөж, хамаг баялагаа хураалгахыг шаардах болсон. Иймэрхүү жишээ санасныг бодвол тун элбэг. Ялангуяа манай шинэ залуу компани болгон ийм асуудалтай тулгардаг. Компани дампуурдаг шалтгаан ч хоёр талын хэлцэл нуран унаснаас их болдог.
Монголчууд саяхан болтол нийтийн ойлголтоор наймаа хийж яваагүй, тэр дундаа зах зээлийн утгаар хэлцэл тохиролцоо хийж байгаагүй. Дээхнээ бол бөөгнөрч аваад л хүний нутаг орж дээрэмдээд авчихдаг байсан биз. Манжийн үед худалдаа наймааг хятадууд, социализмын үед оросууд бидний өмнөөс хийж өгдөг байжээ. Иймээс түүхэн утгаараа хэлцлийн соёл суугаагүй бололтой. Гэтэл ийм соёлгүйгээр өнөөгийн ертөнцөд ганц ч алхам урагшилж чадахгүй. Бидэнд өнөөдөр хэн ч дээрэмдүүлэхгүй, хэн ч өмнөөс хэлцэл хийж өгөхгүй. Ерөөс ийм “хулхиддаг” газраас хэн хүнгүй дайждаг. Зовлонтой хөрштэй хэн ч уддаггүй холдон нүүдэг шиг.
Хүний чадвар онцлог дээр түшиглэж хөдөлмөрийн хуваарь гээч юм нэн эрт буй болжээ. Адам Смитийн тоолсноор аль 200 гаруй жилийн өмнө зүү хийхэд 18 янз хөдөлмөр орж байсан байна. Авъяас чадвар мэргэшил болдог. Энэ мэргэшлээ зах зээл дээр үнэлүүлж хөдөлмөр эрхлэх, үүнийг “савалж багцлаад” бараа бүтээгдэхүүн болгож борлуулах хоёр тусдаа ажил. Эндээс брэнд гэсэн ойлголт буй болно. Францийн Эванс усыг дэлхийн аль ч цэгт дор хаяхад литрийг нь 2-3 доллар болгож төвөггүй зардаг. Магадгүй Туулын ус илүү амттай, илүү цэвэр байж болох ч үүнийг лав л одоохондоо Монголоос өөр газар борлуулах бололцоогүй. Бараа бүтээгдэхүүнийг брэнд болгож чадаж байгаа нь зах зээлээс илүү шан авдаг нь тогтсон ёс. Түүнээс миний хөлс илүү урссан ч гэдэг юм уу, тэр илүү цаг ажилласан гэдгийг зах зээл үнэлж тооцдоггүй.
Нүүдлийн амиа аргацаасан аж ахуйд бараа солилцоо бараг явагдаггүй учир хөдөлмөрийн хуваар, тэр дундаа брэнд гэсэн ойлголт тун ч хол хөндий эд. Хөршөөсөө дор хаяхад хорин км алслагдсан нүүдэлчин гарын дор бүх юмтай байх ёстой, амьдралын нэн даруй хэрэгтэй “мэргэшил” болгоныг эзэмшсэн байх шаардлагатай. Брэнд айрагтай байгаад ч түүнээ бусдад үнэгүй уулгах төдий учир брэнд байх нь ч зайлшгүй зүйл биш. Яг л ийм ойлголттойгоороо бид социализмыг туулж өнгөрүүлсэн. Сайн багш байвал захирал болгож орхино, сайн эмчээ эмнэлэгийн дарга болгоно. Нэг үгэндээ хүн сайн эмчлэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх менежмент хоёрыг хольж орхиж буй нь тэр. Тэгээд ч социалист эдийн засаг гэгч нь ердийн хүний эдийн засгаас тэс өмнөө марзан ойлголт. Намын улаан идэвхитэн “брэнд” гишүүн л гэж байсан байх.
Бараа бүтээгдэхүүнээ брэнд болгох, брэндээ удаан хугацаагаар хадгалах энэ урлагийг мэнэжмэнт гэнэ. Ашиг орлого мэнэжмэнтээс л гол нь хамаарна. Мэнэжмэнтийг хамгийн сүүлд сурдаг. Өнөөдөр америкчууд мэнэжмэнтээр дэлхийг атгаж байна. Технологийн хувьд япон, солонгосууд ч дутахгүй болсон ч мэнэжмэнтээр тэднийг бараадаж чаддаггүй. Наяад он гартал Японы том зочид буудлын мэнэжмэнтийг урилгаар ирсэн америкчууд хийдэг байжээ. Хамаг хэрэгцээгээ гар дороо байлгадаг нүүдэлчин сэтгэлгээ маань мэнэжмэнтийг гарын үзүүрийн ажил гэж хардаг. Иймээс монгол хүн бүр өөрийн гэх компанитай болж, түүнээ эхнэрээрээ мэнэжмэнт хийлгэх сонирхолтой. Хорвоо ийм авъяасыг хүн болгонд заяагаагүй нь харин гачлан. Иймээс л хүний нийгэмд хөдөлмөрийн хуваар гээч юм бий. Яагаад танил тал ах дүүгээрээ бүчүүлсэн эх орондоо байгаа монгол мэнэжэр ердөө саяхан таван мянган доллартай орж ирсэн солонгос баагийд төдөлгүй хамаг зах зээлээ алдчихаад байгаа юм бэ? Солонгосоос ирж буй 40 мянган жуулчны зах зээлийг тэд өөрснөө атгадаг. Барилга, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, баар рестораны бизнесийг хэл ам ч үгүй тэд яаж аргалж өөртөө хамааруулаад байгааг манайхан сонирхдог уу? Ярихаараа л тэднийг алаад өгөх хэрэгтэй гэх. Тэднийг хөөгөөд явуулчихвал орноос нь ингэж мэнэжмэнт хийгээд үлдэж чадах уу? Хулхидуулж байна л гэж орилоод байх болохоос мэнэжмэнтийн арга барилыг нь сураадахъя гэж боддог нэг ч монгол босс байхгүй. Яагаад гэвэл тэрээр босс болохоос мэнэжэр биш. Таван сургууль дүүргэсэн, дөрвөн удаагийн оны хүн, нийслэлийн шилдэг мэнэжэр цолтой, хуульч, эдийн засагч, доктор профессор, мэрэгч, зурхайч, академич, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч… еэ базар дар эх минь, юу ч чадахгүй байж ийм урт гуншингаар яадаг байнаа? Уг нь юм хийж чадвал саран дээр ч мөнгө босгоно, юм хийж сураагүй бол төрсөн гэртээ орон дээрээ цол гуншинтайгаа турж үхнэ. Энгийн л үнэн шүү дээ!
Чөлөөт зах зээлд ороод хорин жил өнгөрлөө. Үе солигдож байна. Социализмын бүтээгдэхүүнүүд жагсаалаас гарч байна. Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хүн амын ердөө хорь хүрэхгүй хувийг эзлэх боллоо. Мал аж ахуйн ДНБ-д эзлэх хувь жил өнгөрөх бүр багассаар хорин хувь руу орж байна. Өөрөөр хэлбэл мал малладаггүй хэсэг нь улс орноо тэжээж байна гэсэн үг. Монголчууд хотжиж, иргэншиж, суурьшиж, хөдөлмөрийн хуваарт орлоо. Харин хэлцлийн тухай, үнийн тухай, тохиролцооны тухай, мэргэшлийн тухай, хөдөлмөрийн хуваарын тухай, брэндийн тухай, брэнд илүү үнэлэгддэг тухай, брэндийг хэн бүтээдэг тухай бидний ойлголт болон үл ойлголт маань нийт нийгмийн хөгжил дэвшилд хамгийн том тушаа болж байна. Бидний шудрага гэж нэрлээд, шудрага гэж ойлгоод байгаа зүйл маань даяаршин ижилшиж нэг ойлголттой болж байгаа өнөөгийн хүн төрлөхтний хувьд луйвар, дээрэм, залилан, увайгүй байдал, ичих нүүргүй аяг болон харагдана. “Хульхидуулчихлаа” гэсэн бидний яриа бусдад “тэнэгээ мэдэхгүй бас хулхидах санаатай” гэж бууж байна. Сэтгэлгээний ийм том хоцрогдол бусдыг биднээс холдуулах үргээх, алсаас шоолон доромжлох, онигоонд оруулах сэдэв болж байна.
Энэ бичлэг Баабар гуайнх. Уншаад үзэхээр үнэхээр үнэн :-)

Tuesday, August 17, 2010

Тэнэгдүү бодол хэхэ

Ойрд бие нэг л тавгүй. Нэг юм байнга бодогдоод. Би уг нь улс төр, уул уурхай, газрын бичиг нтр тэй холбоотой асуудал сонихдоггүй юм байгаан. Урдаа байгаа ажлаа гээ л.. өөрийхөөрөө хэнд ч тээр дараа болохгүй бас, хэнд ч нэмэр болсон юмгүй урсгалаараа амьдарч байгаа нэг баагий. Гэхдээ мэдээж эх орноо сайхан хөгжүүлэх талаар дотроо юм бодолгүй л яахав.
Саяхан Монголд хэрхэн жуулчилах талаар ном хальт үзэж байлаа л даа. Тэгсэн тэрэн дээр газар нутгийн хэмжээ гэсэн чинь 1566500км гэсэн байх юм. Одоогоос 10 жилийн өмнө 9-р ангид газар зүйн хичээл дээр үзэж байхад 1569116км гээд яах аргагүй бүүр цээжилж байсан хүн л дээ би. Гэтэл Улаанбаатар хотыг 3 нийлүүлсний хэмжээтэй 3000км*2 нутаг дэвсгэр маань хаачсын болоо? гэсэн бодол бодогдоод...
Ер нь хүн хэрэггүй их хөрөнгө, эд хогшил хураах, түүний төлөө үхэн хатан тэмцэлдэх нь ямар утга учиртайн бэ. Үхсэн хойноо сүнс л хоргодохын нэмэр баймаарын. Гэтэл манай дээгүүрх албан тушаалтнууд өөрсдөдөө хэдэн халтар цаас унагаачихаад эх орныхоо газар шороо үнэт баялагаа харийханд худалдаад. Арчаагүй хүмүүс. Миний мэдэхийн Ганбаатар гээд баагий харваас худлаа царайлчихаад, уран илтгэл тавиад овоо юм хийх гээд ч байгаам шиг яриад явсан чинь одоо хэдэн цаас салгацан. Машинаа солиод, том байшинд ороод дуугай болсон сурагтай.
Эх орон минь хичнээн өргөн, уудам, сайхан билээ. Хараа булаам, хайрламаар, догдолмоор, гайхамшигтай... эх орондоо үнэхээр их хайртай... гэхдээ надад хийж чадах томоохон зүйл гэж үгүй.. чаддаг болохын тулд мэдээж хичээнэ.
За тэрч яахав. 2012 он буюу 3 жилийн дараа нар галаксигийн дунд орж дэлхий градусаа өөрчлөх юм гэнэ. Тэхээр Антрактид болон хойд мөсөн далай 2 байраа сольж, дэлхийн бүх мөс хайлаад дуусах юм шиг байгаан. Яахав дэлхий сөнөх дээрээ тулаад бүгдээрээ үхвэл айгаад байх юм алга. Гэхдээ Монгол улс маань өндөрлөг газар байдаг болохоор, мэдкү яагаад ч юм үлдэнэ гэж би бодоод байна хэхэ. Хэрвээ үлдвэл бусад тив улсын хүмүүс манай эх орон луу шавж нүүж эхэлвэл яанаа гэж айдаг боллоо. Ер нь мэдэхгүй ээ мэдкү. Монгол хүн амны билгээрээ гэж тийм муу юм бодмооргүй л байхын. Тэгсэн хирнээ шөнө дэлхий сөнөж байна гэж зүүдлээд, өдөр нь зүгээр л санаа зовоод л...
Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж ямар сайхан хэлсэн юм бэ. Юу ч үгүй шалдан төрсөн бид нарт эх орон, ээж ааваас өөр өмч гэж байхгүй. Эд хөрөнгийг дахиад авч болох ч эх орон ээж аав ганцхан заяадаг. Хамгийн их харамладаг, харддаг зүйл маань эх орон юм байна. Бодох тусам зөндөө их харамлааад байна :-)