Thursday, December 18, 2008

Сургамжит үлгэр

Энэ үлгэр бол багш, шавийн тухай үлгэр бөгөөд хүн насан туршийнхаа багшийг олж авах нь хэчнээн чухлыг сургасан юм.

Анх Мял богд гэгээнтэн маш муу хүн байж л дээ. Хүнийг хорлодог, муу сэтгэлтэй хүн байж. Тэгээд энэ сэтгэлээсээ салахын тулд, гэгээрэхийн тулд сайн багшийг олж шавилахаар явж. Тэгээд үнэхээр сайн багшийг ч олж гэнэ дээ. Гэвч харамсалтай нь нөгөө багш нь түүнийг шавиа болгохыг хүссэнгүй, татгалзаж гэнээ. Чи тийм муу хүн байсан тул миний шавь болох учиргүй гэж. Гэвч Мял богд тэр хүний шавь болох чин хүсэлтэй байсан тул татгалзсаныг нь үл тоон гуйж гувшаад ч тусыг эс олов. Нэгэн өдөр багш нь "За чи тэгвэл тэр уулын чулуугаар суварга босгож нүглээ наманчил. Гэхдээ уулын чулууг гараараа бэлдэх ёстой" гэж гэнэ. Тэрээр боломж гарч байгаад баярлан гараараа уулын чулууг ховхлон малтаж суварга хийх ажилдаа орж. Ямар сайн байхав дээ, гар нь урагдан шалбарч мах цус нь тасарч өвдөж зовж гэнэ. Гэвч тэр өөрөө хүссэн учир хийж дуусгажээ. Тэгээд багшаа дуудан үзүүлтэл багш нь ирээд таягаараа нэг тоншсон чинь нөгөө хийсэн суварга нь нурчиж дээ. Дахиад л барьж. Дахиад л нурж. Ингээд мах цусаа урсган байж 8 удаа нураасны дараа 9 дэх удаагаа барьсан нь нуралгүй тогтож үлдэж гэнээ. Гэтэл багш нь "За яахав, чи манай шавь нарын үлдээсэн зүйлийг цэвэрлэж бай" гэж гэнэ. Түүний багш нь сургуультай бөгөөд хүүхдүүдийг шавилан суулгаж ном заадаг байж. Тэгээд хүүхдүүдийн хог шаар, ялгадас зөөн цэвэрлэдэг хүн болж дээ. Сүүлдээ ажилдаа ч дасаж. Түүнийг нэрээр нь биш ажлаар нь дуудан нэрлэдэг байж.

Хаврын нэг өдөр одоогийн хүүхдүүд шиг л багшийнх нь шавь нар сургуулиа дүүргэн баяр хөөрөөр дүүрэн хүүхдүүд хаа сайгүй гүйлдэж байгааг харсан Мял богд маань тэднийг харж баясан сууснаа гэнэт "Өө би ингэж суух ч яахав, ажлаа хийе дээ" хэмээн бодоод босч гэнэ. Гэтэл тэр агшинд тэр өөрийнхөө жинхэнэ нэрийг гэнэт сонсох шиг санагдаж. Тэгээд чихэндээ итгэлгүй цааш алхтал багшийнх нь дуу өөрийнх нь нэрийг дуудаж байгааг дахиад сонсож. Зогтуссан ч дахиад л чихэндээ итгэсэнгүй цааш явж. 3 дахь удаад тэр өөртөө итгэлээ. Яах аргагүй багш нь түүнийг нэрээр нь дуудаж байв. Эргээд хартал багш нь уйлчихсан байж байх юм гэнэ. Ингээд багш нь "Одоо чи миний шавь боллоо" гэж хэлснээр багш шавь хоёр болон холбогдож, Мял богд гэгээрсэн түүхтэй гэнээ.

Нээрээ бодоход хүний амьдралын туршид олон багш байдаг ч насан туршид минь багш гэж хүндлэгдэж байгаа хүн бас л цөөн шүү бодоход.

No comments: