Tuesday, December 2, 2008

Н.Жанцанноров гуайн бодол сэтгэгдэл

Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайг Монголын №1 хөгжмийн зохиолч гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Түүний хэлсэн үг, боддог бодол, уран бүтээл, Монгол орноо гэсэн сэтгэлийг өөрийнх нь тухай бяцхан номноос уншлаа. Жаахан хэсгээс нь сонирхуулья.

Таныг уул гэвэл ямар уул байх вэ?
Дулаан хан уулнаасаа гурав дахин намхан уул байна даа.

Нутгийн захад очиход юу бодогддог вэ?
Эрээн уулын өврөөр Дулаан уулын бараа харагдахад хамар шархираад л ирдэг юм.

Өнөөгийн монгол орныг хөгжмийн зэмсгээр зүйрлэвэл?
Хөггүй ятга.

Авъяас гэж юу юм бэ?
Өөрийгөө илэрхийлэх хамгийн өндөр эрчим.

Онгод өөрөө сэрдэг үү, эсвэл онгодыг та сэрээдэг үү?
Онгодыг би сэрээж тэр намайг хөтөлдөг.

Зөвхөн авъяасаар суутан болох уу?
Тэгдэгсэн бол юм бүтээх гэж махаа идээд яахав дээ.

Авъяас таны боол уу, та авъяасынхаа боол уу?
Хэрэв надад байгаа бол тэр миний боол. Би түүний хаан нь.

Хөгжмийн зохиолч гэдэг гоц гойд хувь тавилан мэт санагддаг?
Хөгжмийн зохиолч гэдэг гоц гойд хувь "тамлан" мэт над санагддаг.

Алдар хүндийн оргилын хаана нь явна вэ?
Би өөрийнхөө довон дээр зогсож байна. Хаана явааг, явах ёстойг төр түмэн мэднэ.

Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгалаа босгож амжсан уу?
Миний бүтээснийг хөшөө болгож босгоно уу, хог дээр аваачиж овоолно уу хойч үеийнхний хэрэг.

Залуу насыг та юутай зүйрлэх вэ?
Эдэлж чадаагүй боломж.

Мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлээгүй явна вэ?
Ерөөсөө юу ч хийгээгүй яваа юм биш байгаа даа.

Зэмлэл, магтаал хоёрын хооронд хэдэн хуруу зай байх вэ?
Магтуулагч ухаалагдуу бол нэг ч хуруу зай байхгүй.

Таны амьдрал төгсөх үү?
Биеийн амьдрал төгсч, миний амьдрал төгсөшгүй.

Юуг мөхөл гэх вэ?
Үндэстний хувьд үндэстэн байх оюун чадавхиа гээх.

Юуг дэвшил гэх вэ?
Өөрийнхийгөө хүнийхээр нөхөх чадвар.

Амьдралын гэрэл сүүдэр хоёрын тухайд?
Өөрийгөө нээж чадсанд нь гэрэл гийж, чадаагүйд нь сүүдэр тусах юм. Миний амьдралын гэрэл гэгээ нь бүтээснээ сонсож эдлэх, сүүдэр нь бүтээх гээд хүчин мөхөсдөх үеүд л юм даа.

Монголчууд бид дэлхий дахиныг чирч явсан удаа бий ч шинэ зуунд орохдоо чирэгдэж болохгүй. Бид морио, морин хуураа, уртын дуугаа орхихгүйгээр барахгүй бусдын олсныг эзэмшиж чаддагаа харуулж эрвийх дэрвийхээрээ зүтгэх ёстой.

Юм бүтээгээгүй үндэстэн хэзээ ч хүний гар доор байдаг.

Хүний сэтгэлд хүрэх аялгууг "махаан зулгааж" байж бичдэг.

Амьдралдаа ганц удаа сонссон сайхан дуу, аялгуу насан турш хүний тархинд хадаатай явдаг юм.

Өнөөдөр жинхэнэ хөгжим сонсох танхим Монголд байхгүй нь харамсалтай.

Би Монголын ард түмэн гэгээн сайхан хөгжим сонсоосой, Монголын хөгжмийн урлаг дэлхий дахинд түгээсэй гэж хүсдэг.

1 comment:

Anonymous said...

Хүндлэхээс аргагүй сайхан хүн