Thursday, March 11, 2010

Шинэ жилийн үлгэр

-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж, нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..
Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа..Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс – Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа..
-Ээжээ аав яагаад утсаар ч ярьдаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь
-Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай гэж аргаллаа. Maгадгүй хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярихад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ...
Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх билээ..
Хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд
-Уучлаарай би эхнэр хүүхэдтэй хэрэв чамд хэлсэн бол чи мэдээж намайг тоохгүй байсан шүү дээ гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдoхын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан ч юм шиг тодхон санагдана..
Aйл гэрийн амьдралыг бусинуулж, алаг үрийг өнчрүүлж аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гаргаж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдгээ хэлж ч чадалгүй уйлан үлдэж билээ..
Хаврын тэр хуйсгануур өдөр орчлон хорвоо хөмрөх мэт болж, хүүхдээ авaхуулья гэж шийдээд уйлан явсанаа одоо бодохоос ч аймаар. Ийм хөөрхөн үр нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодхоор хүүгээ улам их хайрладаг байлаа. Tүүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ..
Tэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж худалч хуурмаг эрчүүдээс өөрийгөө хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа. Taнилцаж дотносох хүсэлтэй эрчүүд олон тохиолдовч хайртай дуртай гэж сэтгэлээ илчлэх тэдэнд бүсгүй нүүр ер өгдөгггүй байлaa.
Үнэндээ дахиж хууртаж ахиад сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр.
Шинэ жилийн баяр хаяанд ирж гудамж талбайн гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж, дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа. Хүсэл минь заавал биелнэ гэж хүү дотроо дахин дахин хэлж байв. Aaв ээж хоёрынхоо гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хараад аавыгаа ирэхээр бид гурав ч бас ингээд л явна даа гэж мөрөөдөн бас дотроо сэмхэн атаархана.
Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар ''Долоон oдой ба цасан гоо'' үлгэрт тоглож бэлгээ аваад их л урамтай гэгч нь ээжийнхээ гараас хөтлөн гэрийнхээ зүг яарч явлаа. Гэртээ байхгүй хойгуур аав нь ирчихвэл яана гэж санаа зовсон хэрэг л дээ.
Aмттан бүхэн өрсөн ширээнээ суугаад урьдын адил хоёулахнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл нэг л дундуур аав дахиад л ирэхгүй нь дээ гээд дэмий л цонхоор харна. Tелевизээр шинэ жилийн тухай зохиомжууд, дуу хөгжим эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэллээ. Гуниглан байгаа бяцхан хүүгээ харж ээжийнх нь сэтгэл бас л уйтгартай болжээ. Дор дороо нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодлыг үргээн хонх дуугарлаа. Хүү итгэл тээсэн харцаар ээж рүүгээ асуусан байртай нэг хараад хаалга руу гүйчихлээ. Хэн байдаг билээ гэж гайхан үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо. Mөнөөхөн цан хүүрэг савсуулсан хүн
–Aлив миний хүү аавдаа ир их удаан хүлээсэн үү? гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө. Аaваa хэмээн хүү баярлан хашгираад урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ. Бүсгүй эхлээд гайхаж дараа нь залууг хөөн гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй. Хүү аавынхаа өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зурагнуудаа үзүүлэн, хадгалсан чихрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа. Харин түүнийг доромжилж байгаа, хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй. Тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэрт түмэн өнгөөр гялалзах салют буудуулaхыг харан гайхаж хөгжилдөн байлаа. Хүүгийн хамгийн гоё шинэ жилийн баяр энэ болж удаан хүлээсэн аав нь ирсэн болохоор бүхнээс илүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүйээ. Oлон олон хүмүүс шинэ оноо угтан баярлаж байсан ч чухам бяцхан хүү бүр ч илүү аз жаргалтай байлаа. Яг л үлгэрийн гэмээр санагдах шинэ жилийн ид шид үргэлжлэх мэт хүү ядарсандаа болоод зүүдний ертөнцөөр умбан оджээ. Хүүгээ унтуулсны дараа бүсгүй сая л гэмт залуу руу ууртай нүдээ гялалзуулан юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад
-Чишш хүү сэрчихнэ.Юуны өмнө найзыгаа уучлаарай. Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй. Гэхдээ амьдралын утга учир минь чи болоод удаж байгаа. Ноднин жилийн шинэ жилээр би байгууллагын өвлийн өвгөн болсон доо? Tэгээд хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь
-Aaвыг минь л хурдан ирүүлж өгөөч гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм л даа. Тэгээд л би их удаан бодож бодож өнөөдөр л зориг гарган ирлээ гэх нь тэр...Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй..Гомдлын, цөхөрлийн, баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа. Шинэ жилийн шөнө намуухан гадаа ширхэг ширхэгээр цас зөөлхөн бударч байлаа..
Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ.Сайхан зүүд байх вий гэхдээ бушуухан ааваа ээжээ гэж дуудтал Ээж нь инээмсэглэн хүрч ирээд хүүгээ үнслээ.
Харин галын өрөөнөөс аав нь -Өө миний хүү сэрсэн үү? алий аавдаа гүйгээд ир аав нь үнсье гээд хүүг дуудлаа.
Шинэ оны шинэхэн өглөөний нaран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл мэт цагаахан цасан дээгүүр аав ээж хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү инээмсэглэн одлоо…

Thursday, February 11, 2010

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Шижир хүйтэн өвлийг өнгөтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Monday, January 25, 2010

Бас нэг дурсамж

Өнөөдөр яагаад ч юм гэнэт тээр нэгэн хаврын явдал санаанд орж ирээд. Хааяа хааяа бага байхад болж өнгөрсөн явдлууд дурсамж болон санаанд орж ирээд байдгиймаа хэхэ. Би 8-р ангид сурч байсийм даг. 5 дахь өдөр хичээлээ тараад л сумын төвөөс 20 орчим км зайтай хөдөө байдаг өвөөгийнхрүүгээ унаанд дайгдах ч юмуу аавынхаа планет-5 ийг унаад л жийрийлгэдэг байлаа. Амралтын 2 өдөр өвөө ах хоёртоо тус дэм болж байгаад л бүтэн сайны шөнө гэртээ шуугиж ирээд л маргааш нь хичээлдээ явдаг байсын. Хөдөөний ажил дуусна гэж байхгүй өдөр бүр нэгэн хэвийн хийдэг ажлаа давтаад л хийгээд байна. Тэр жилийн хавар өвөө, ах 2 маань бүтэн нойртой хоноогүй юм даг. Юу гэвэл хоттой хонинд маань боохой(Чоныг хэлж байгаан. Манай нутгийнхан Чоно гэж нэрийг нь хэлэхээс цээрлэж Боохой, Хангайн амьтан гэх мэтээр ярьдаг) шөнө бүр орж ирээд бужигнуулж байгаад явдаг болсон байсын. Яагаад ийм явдал болоод байгаа шалтгааныг олох гэж баахан бодол болоод ололгүй олон хоносым даг. Тэгсэн харин нутгийн хэдэн залуус ойролцоох уулнаас чонын бэлтрэг сууличихаад буцах замдаа өвөөгийнхөөр буугаад мордсон байгаа юм. Чонын бэлтрэг суулисан бол харих замдаа заавал усаар гэтэлж гарах, үнсэн дээгүүр гарах зэрэгээр тойруу замаар явж замаа төөрүүлэх хэрэгтэй гэдгийг тэр хэдэн залуус мэддэггүй байснуу эсвэл албаар хорлох гэж шууд өвөөгийнд буусан байх. Чоно гэдэг амьтан аймар ухаантай шүү дэ бэлтрэгүүдээ алдсан чоно яасан ч зүгээр байхгүй тэр хэдэн хүний мөрөөр мөшгин ирж хариугаа авч байгаа нь тэр. Хаваржаанд хашсан хонинд шөнө дөлөөр ороод л хамгийн өнгөтэй өөдтэй эр хонинд хүрч аваад л явчихна. Тэгээд бүр шөнө бүр ирнэ. Ах хашаан дотроо дахаа өмсөөд, дарвинкаа бариад л сууна шүү дэ. Ахыг тэгэд сууж хонох шөнө орж ирэхгүй. Сууж байгаад ганц цаг нүдний хор гаргах хооронд нь орчихно. Үнэхээр сиймхийг андахгүй. Хашаан дотор хүн байгааг яаж ч мэддийн бүү мэд. Бас нэгэн сонин нь өвөөгийнх хоёрын хоёр хоточ нохойтой тэр 2 бол зэгсэн сайн ноход байсан. Нэг нь бүр анд авч явдаг анч нохой байсийн. Тэгтэл тэр 2 чинь тэр үеэр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй таг чиг болчихдог байсан. Өвөө заримдаа өөдгүй муу 2 хог чонотой нөхцөөд байгаан болуу гэж ирээд л уурлахчаа аяддаг байлаа. Ингээд олон шөнө нойргүй хонож, олон ч хонио алдсан да. Би дотроо тэр хэдэн залуучуудыг болгоод өгөх юм сан гээд л үзэн яддаг байлаа хэхэ. 2 сар орчмын дараанаас нэг юм ирэхээ больж билээ. Тэр хэдэн залуусын харгайгаар нэгэн хаврыг хэцүүхэн өнгөрөөж, овоо ч хохирол амсаж билээ :-)

Wednesday, December 30, 2009

Шинэ оны мэнд дэвшүүлье!

Гэр бүл, найз нөхөд, хамт олон, өчүүхэн блогоор минь зочилж байгаа та бүхэнд, намайг таньдаг бүх хүмүүстээ "Шинэ оны мэнд дэвшүүлье!"
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

2009

2009 он миний хувьд хийсэн бүтээсэн, сурч судалсан, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа, эргээд харахад сэтгэл хангалуун байна :-) Сайн саар зүйлс холилдон миний амьдралын хэв маягийн өнгийг тодорхойлдог болохоор энэ жил олон өнгөнд хувирлаа, амталлаа сайхан байна хэхэ. Бүтэн жилд би юу бүтээж, юу сурч авав гээд тайлангаа нэг бүрчлэн жагсааж бичсэн чинь үгүй яахавээ зүгээр суулгаагүйн байна овоо хөөрхөн жагсаалт гаржийна. Нас залуу байна ажиллаад, сураад, ажиллаад байдаг хэрэгээ. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд энэ маш чухал гэж боджийно. Цаашид маш их зүйл хийж бүтээх урам зориг нэмэгдэж байна. За олон үгээр яахуу 2010 оныхоо төлөвлөгөөг бичиж дуусгая даа :-)

Thursday, December 24, 2009

Нутгийн чулуу

Бодохын төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн ээжийн минь харц харагддаг.