Сайхан залуу аавынхаа тэргүүнд
Буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би
Тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчганд нь нэмэгдэх мөнгөн сорны тоолонд
Жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явнаа ааваа...
Бүүвэйт хонгор ижийгийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ!
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас надад чихэр хармаалж “шараа болгоно”
Аав минь тэгэхгүй ээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Асын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ сомботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисч байгаа юм шиг ээж нар
Цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар
Духыг нь л ганц үнэрлээд болдог
Адгаж ээж нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг л хэлэх гэж аав нар
“Сумын узель” шиг хааяа нэг дугарна
Айл гэртээ хангинаж ээж нар даралтаа ихэсгэдэг
Аав болгоны зан юм хойно
Монголыгоо бодохоор л зовж гүйцдэг
Бие өвдлөө гэж ээж нар
Хүүхдүүдээ аргагүй нэг айлгана
Битүүхэн дотроооо нурж аав нар
Чимээгүйхэн өтөлнө...
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж “жүжиглэдэг”...
Гадаа навчис хаялж он жил биднийг
Унасан навчис шиг орхиж одно
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж
Өөрийгөө хуурна
Ганцхан зүрхнийх нь цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл
Мөнх бишийг сануулдаг аа...
Энгэрийг нь тэмтэрч хормойг нь зуурч боссон
Энэрэл ачлалын наран саран хоёр
Эндүүрээд надад эрж зарцлагдсан
Миний хоёр бурхан
Ижий минь сүүтэй цайндаа жаргал
Эцэг минь шүлгэн дуундаа жаргаж
Ижилхэн хоюулаа наддаа зовж суудаг аа.
Ц.Хулангийн энэ шүлэг аав ээж 2-ыг минь бодогдуулдгийн :-)
VMware ESXi -н талаар цухас
11 years ago