Wednesday, December 30, 2009

Шинэ оны мэнд дэвшүүлье!

Гэр бүл, найз нөхөд, хамт олон, өчүүхэн блогоор минь зочилж байгаа та бүхэнд, намайг таньдаг бүх хүмүүстээ "Шинэ оны мэнд дэвшүүлье!"
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

2009

2009 он миний хувьд хийсэн бүтээсэн, сурч судалсан, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа, эргээд харахад сэтгэл хангалуун байна :-) Сайн саар зүйлс холилдон миний амьдралын хэв маягийн өнгийг тодорхойлдог болохоор энэ жил олон өнгөнд хувирлаа, амталлаа сайхан байна хэхэ. Бүтэн жилд би юу бүтээж, юу сурч авав гээд тайлангаа нэг бүрчлэн жагсааж бичсэн чинь үгүй яахавээ зүгээр суулгаагүйн байна овоо хөөрхөн жагсаалт гаржийна. Нас залуу байна ажиллаад, сураад, ажиллаад байдаг хэрэгээ. Өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд энэ маш чухал гэж боджийно. Цаашид маш их зүйл хийж бүтээх урам зориг нэмэгдэж байна. За олон үгээр яахуу 2010 оныхоо төлөвлөгөөг бичиж дуусгая даа :-)

Thursday, December 24, 2009

Нутгийн чулуу

Бодохын төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн ээжийн минь харц харагддаг.

Tuesday, December 15, 2009

Сургамжит өгүүллэг

Мотоциклийн осол
Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ
Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдэгээ хэлээч дээ
Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна...

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. " Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ".
Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүй дээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүй дээ өмсгөөд өөрөө амиа алджээ.

Friday, December 11, 2009

Анхны хайр

Дөрвөн жил их сургуулийн замд
Тохиролцсон юм шиг урд хойноо сүлжилдсэн
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн залуу чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дараа нь чи хичээлээ нөхөхдөө л ядардаг л биз
Дасал болсон дүрийг чинь харахгүй байх надад түүнээс хэцүү
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас
Даарах хүйтэнгүүд ч яарч явдаг түргэн алхаа
Зөрөн өнгөрөх охидыг ажигладаггүй хатуухан төрх
Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний анхны хайр
Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
Сүүлчийн хонх оюутны самбарт жингэнэхэд
Сүүлийн удаа би чиний өмнүүр өнгөрсөн
Тийм ээ, чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.
Тааралдахаар нь оруулчлаа :-)

Friday, December 4, 2009

"12 дугаар сарын 9-Авлигын эсрэг олон улсын өдөр"

Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.
Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд гурав дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Хийх ажил ч их байна да :-)