Monday, October 13, 2008

Арын сайхан хангай минь


Үнэхээр сайхан нутаг шүү. Ёстой л нэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа. Нутгаасаа гараад хэдэн жил болохдоо аав, ээж, ахан дүүсээ санахаас гадна тоглож өссөн хөндий, шумбаж сэрүүцдэг Хануй, Тамирын голоо тэр байтугай голынхоо алаг чулууг хүртэл санадагийн.
Зуны халуунд халууцсан хэдэн жаал унаж явсан даагатайгаа усанд орж бужигналдаад л... голын томоос том хавтгай чулуугаар ор хийн, нуруугаа наранд ээн хэвтдэг байсан тэр л үеүүд өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг.
Өглөө эртлэн босч адуундаа мордох мөн ч сайхан шүү. Хөдөөний хүүхэд бүрт унах дуртай морь гэж байдаг байж билээ. Миний хувьд өвөөгийн маань надад нэр зааж өгсөн үүлэн бор нэртэй бие жижигтэй явдал зөөлөнтэй бор морь байсийн. Түүндээ тэр үедээ хамгаас илүү хайртай байж билээ. Тийм болохоор өвөөдөө ч гэсэн хайртай, үгнээс нь ер гардгүй жаал байлаа.
Намар бүх малаа эхлээр нь тавьж, мараатай нууранд очиж хэд хонодог байсын. Жил бүрийн намар өвөөтэйгөө, аавтайгаа тэгэж хээрээр гэр хийж явах үнэхээр жаргалтай шүү. Тэр далимдаа сонгино, жимсээ түүгээд амжина.
Зарим өглөө ээж минь эрхлүүлж орноос босголгүй бор тагшинд минь өрөм боорцог овоолон хийж өгдөг байж билээ. Өглөө сэрэхэд нэрмэлийн үнэр хамар цоргиод л...
Шөнийн түг түмэн одод, намрын ургац хураалт, хадлан бэлтгэх, хонь хурганы ноос хяргах, хөл нүцгэн шавхай малтаж өссөн тэр бүх зураглал зүрхэнд минь тодоос тод хадгалаастай байдаг болохоор би нутгаа байнга санан дурсдаг.

Friday, October 10, 2008

Birthday - Life is time

Хүн хүнээ хайрлаж байж хайр гэгч аугаа зүйлийн хамгийн энгийн ойлголтыг өөртөө бий болгож байдаг юм болов уу. Харин үүнийг бий болгосон үндэс нь ээжийн минь хайр шүү дээ. Сарнай хэдий сайхан ч өргөстэй байдаг орчлонд амьнаасаа амь таслан төрүүлж хорин хэдэн хавар намрыг элээн хайрласан хайранд тань баярлалаа Ээжээ. Хүү нь таньдаа шүүдрийн усаар цай чанаж өгч чадахгүй ч сэтгэл дотроо мөнхөд дээдлэж явах болноо.

Tuesday, October 7, 2008

Миний UB

Нийслэл хот Улаанбаатар шиг минь өвөрмөц сайхан хот энэ дэлхий дээр алгаа. Яагаад гэхээр шаварт унасан шарга даага гэгчээр яалт ч үгүй Монголдоо төрж, хотдоо амьдрахаас өөр сонголт байхгүй учраас муулаад яахав гэж бодсондоо ингэж хэлж байгаам. Өвөлдөө утаан баатар, хавардаа шороон баатар, зундаа хогон баатар, намардаа юу гэдэг ч билээ дээ... Засаад, залруулаад, жаахан хөгжүүлээд өгөхгүй бол авамгүй олон асуудлууд ар араасаа арзайсаар, сарзайсаар...

4 сайхан уулын дунд уйтгартайхан сүүмийдэг хотынхоо газар шороон дээр алхалгүй зүгээр л гишгэсийн. Гишгэхээрээ би шорооноосоо бусгадаг, бусгаснаасаа бургидаг, хахдаг, цацдаг, ханиадаг, найтаадаг, уушгаа хармалдаг, гутлаа өрөвддөг, хувцсаа хайрладагийн. Энэ их шорооноос болоод амраг хосууд салж, эцэг эх нь үр хүүхдээ танихгүй нь холгүй болж байгаан гэсэн. Учир нь хайрт 2 уулзмаар л байдаг, уулзаад суух, зугаалаад явах газар олдохгүй. Олдсон нь баар болж таараад, ороод уугаад, согтоод, унтаад, үг нь олдоод, үхэр нь холдоод дуусдаг гэж байгаа.. Үүнээс болооод олон аавын хүү архичин болсон, тамхичин болсон, ээж болсон, аав болсон, хүсээгүй бэйби үсрээд гараад ирсэн. Хөгшин залуугүй ийм асуудалтай.
Энүүхэн энэ хонхортоо сэтгэхэд нийгэм иймээрээ үргэлжлээд байвал ирээдүй маань бүтэхгүй нь гэж айсандаа, шийдэх арга байдгиймуу гэсэндээ, нэгэн "Мэргэн хүн"-ий үйлдлийг ажлаа. Мэргэн хүний амьдардаг хотод шар будаанаас ч олон байшин баригддаг гэнэ. Байшин бүр өөрийн гэсэн өнгө үзэмж, үүрэгтэй юм байна. 
Жишээ нь: Хотын овоо мөнгөтэй нэг баагий барилга барихаар төлөвлөсөн барилгын зураг, төслөө аваад хотын захиргаан дээр очин хот төлөвлөлтийн "Менежер хүн"-д үзүүлнэ, тайлбарлана. Гэтэл менежер өөдөөс нь: таны барих гэж байгаа барилгын дизайн манай хотын энэ хэсэгт тохирохгүй нь. Үнэндээ хотын баруун хэсэгт Европ загварын байшингуудыг хүлээн зөвшөөрдөг ба өнгө нь бүгд цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Таны төлөвлөсөн барилга бол хотын хойд хэсэгт илүү тохирох учир бид хүлээн зөвшөөрч болноо. Гэхдээ та барилга барих эрхээ авахын тулд барилгаа тойруулаад хааш хаашаа 1км газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та барилга тойрсон барилгаа бага гэж үзэж байгаа бол та хотын хойд хэсэгт сургуулиудын дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн хийж өгч болно. Дээрх 2 нөхцлийг хүлээж авах боломжгүй бол хотын төвд баригдаж эхлээд байгаа "CITY GARDEN"-г барих ажилд өөрийн хувь нэмрээ оруулж болно. Энэ 3 нөхцлийг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол бидний зүгээс танд барилга барих эрх өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой. 
- Цэцэрлэг барихаас өөр сонголт байгаа юу?
- Улсын эзэмшилд байдаг Хөгшдийг асрах барилгыг шинэчлэн өгч болноо.
- Ойлголоо, би барилгаа тойрон цэцэрлэг барих эхний нөхцлийг хүлээн зөвшөөрч байна.
- За тэгвэл та барилгатайгаа хамт цэцэрлэг барих ажлыг хүлээн зөвшөөрсөн баталгаажуулах бичиг баримтаа бүрдүүлж дууссаны дараа барилгын эрхээ авч, ажлаа эхлэнэ үү... 

Барилга, байгууламж барихаар зэхэж байгаа хар мянган компаниудыг хот төлөвлөлтийн газраас нь ингэж зохицуулдаг юм билээ. Хотын хаан, ямар дизайнтай, ямар өнгөтэй, ямар өндөртэй, ямар зориулалтаар ашиглагдах барилга баригдахыг уже төлөвлөсөн байх ба цэцэрлэгжилтийг хэрхэн хийх, цаашлаад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талыг нь хүртэл холбон төлөвлөж чадсан нь гайхмаар юм шиг, биширмээр ч юм шиг. /манайх энэ аргыг хэрэгжүүлээд эхэлбэл менежер нь авлигад автах нь бүүр их болчдийм биш байгаа. Гэхдээ тэднийг хянах байгууллагыг зөв голдиролд нь оруулах арга бас байнаа./

Хотын маань хот төлөвлөлтийн менежерүүд нийслэлээ төлөвлөх ажлаа сайн л хийж байгаа байлгүй. Монгол, Улаанбаатар гэхээр л газар шороо гэдэг үг амнаас гардаг. Харин одоо зүлэг, мод гэж өөрчлөх боломж бидэнд байгаа. Хот маань тэр чигээрээ цэцэрлэгжээд ирвэл амраг хос, оюутан залууст гуя алгадам завшаан болж, хүүхэд залуучуудын маань хүмүүжлийн доголдлыг засахад гөөмөн сайхан ажил болно доо.  Ядаж л талбайн хажуугийн дуусаагүй барилгын цэцэрлэгжүүлсэн ганц талбай дээр овооролгүй хуваагдаал, тараал, бутраал амар байхгүй юу. 
Юу ч хийхгүй байжийхаар туршаад, хэрэгжүүлээд, арга хэмжээ аваад үзэх л хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орнуудын ихэнх нь энэ аргыг хэрэлэж байхын. Муудсан юм ер алга. Бид ч гэсэн юугаараа дутдийн тэ...

Миний сайхан хотод өнөөдөр жаахан цас бороо холилдож орлоо л доо. Гэтэл яасан нөгөө сайхан шороо нь хогтой нийлж нороод сайхан зуурмаг болж байгаам. Зуурмаг нь хатаад юу ч болдог билээ дээ. Энэ мэтээр яриад байвал авамгүй асуудлууд ар араасаа арзайсаар, сарзайсаар...