Tuesday, November 25, 2008

Аз жаргал


Жаргал зовлон хоёрыг ч ялгаж салгахгүй гэнэн тэнэг явахдаа хагацлын зовлонг амсч, хэрэндээ л өөрийгөө хэрсүүжсэнд тооцон явсан цаг саяхан боловч амьдралд өдөр хоногоор суралцдагийг бас л мэдсэнгүй. Санасангүй гэвэл илүү дөхөх байх. Мунхаг үзэж мэднэ гэгчээр... Одоо байгаа үеээ хэдэн жилийн дараа эргээд нэг харахад бас л нэгийг бодогдуулах байх даа.

Элэг эмтрэхийн зовлонг амссанаас хойш хүмүүсийг амьд ахуйд нь хайрлан хүндэлж, түүнийгээ илэрхийлж явах хэрэгтэйг ухааран, аминдаа л хэрэгжүүлнэ гэж хичээж, бодож явсан минь ч бас л худал байж. Буруу дутуу хийжээ. Өнгөрсөн хойно нь хэчнээн харуусан гашуудаад ч амсаж эдэлж байсан жаргал маань зүүд зэрэглээ төдий болж. Хамгаас илүү илэрхийлэх дотно хүмүүстээ л хамгийн бага хэлж.

Ер нь энэ аз жаргал гэгч чинь юу билээ дээ? Зовлонгийн сүүдэр туссаны дараа сая л жаргалыг ухаарах нь хүний зан юм уу? Нарны гэрэл, солонгын өнгө, бороон дусал, салхи шороо, ширхэглэн будрах цасан гэх мэт байгалийн төрх, нар мандах, сар шингэхийг харах мэдрэмж, өглөө сэрэх, инээх баясах, хайрлах дурлах бүхэлдээ жаргал мэт. Энэ бол амьд байгаагийн жаргал. Бүр уйлах ч жаргал юм шиг байгаан. Тэгвэл энэ хорвоо бүхэлдээ жаргалын диваажин юм уу? гэж бодохоор үгүй ээ, харин ч зовлонгийн далай гэлтэй. Төрсний эцэст үхнэ, учирсны эцэст хагацна, өвдөж зовно, үгээгүй хоосны зовлонг ч амсана. Жаргал нь зовлон болно. Амьдрал нэртэй зовлонгийн далайд сэлж байгаа аятай. Хааяа арай гэж том бага “арал олж” тухлах нь мөнөөх жаргал юм болов уу? Би мэдээж том эх газар хайж байгаа учир сэтгэл ханахгүй тэр арлаас цааш явна, нөгөө л зовлон дундуур сэлнэ.

Жаргал гэж юу вэ гэдгийг мэдрэх л юу юунаас чухал гэж боддогийн. Р.Чойномын Жаргал зовлон гээд агуу бүтээл байдгийг олж үзээрэй. Энд хүний жаргалыг олон хүний нүдээр хараад бичээд тавьсан байгаа.

No comments: