Үнэхээр сайхан нутаг шүү. Ёстой л нэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа. Нутгаасаа гараад хэдэн жил болохдоо аав, ээж, ахан дүүсээ санахаас гадна тоглож өссөн хөндий, шумбаж сэрүүцдэг Хануй, Тамирын голоо тэр байтугай голынхоо алаг чулууг хүртэл санадагийн.
Зуны халуунд халууцсан хэдэн жаал унаж явсан даагатайгаа усанд орж бужигналдаад л... голын томоос том хавтгай чулуугаар ор хийн, нуруугаа наранд ээн хэвтдэг байсан тэр л үеүүд өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг.
Өглөө эртлэн босч адуундаа мордох мөн ч сайхан шүү. Хөдөөний хүүхэд бүрт унах дуртай морь гэж байдаг байж билээ. Миний хувьд өвөөгийн маань надад нэр зааж өгсөн үүлэн бор нэртэй бие жижигтэй явдал зөөлөнтэй бор морь байсийн. Түүндээ тэр үедээ хамгаас илүү хайртай байж билээ. Тийм болохоор өвөөдөө ч гэсэн хайртай, үгнээс нь ер гардгүй жаал байлаа.
Намар бүх малаа эхлээр нь тавьж, мараатай нууранд очиж хэд хонодог байсын. Жил бүрийн намар өвөөтэйгөө, аавтайгаа тэгэж хээрээр гэр хийж явах үнэхээр жаргалтай шүү. Тэр далимдаа сонгино, жимсээ түүгээд амжина.
Зарим өглөө ээж минь эрхлүүлж орноос босголгүй бор тагшинд минь өрөм боорцог овоолон хийж өгдөг байж билээ. Өглөө сэрэхэд нэрмэлийн үнэр хамар цоргиод л...
Шөнийн түг түмэн одод, намрын ургац хураалт, хадлан бэлтгэх, хонь хурганы ноос хяргах, хөл нүцгэн шавхай малтаж өссөн тэр бүх зураглал зүрхэнд минь тодоос тод хадгалаастай байдаг болохоор би нутгаа байнга санан дурсдаг.
1 comment:
sain baina uu
arkhangain blogoor tavtai morilooroi.
bi blog listendee hiisen shuu.
Post a Comment