Friday, February 20, 2009

Сар шинийн мэнд дэвшүүлье!

Шижир хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Wednesday, February 18, 2009

AJAXMAA-гийн тухай

Нэг нөхөр AJAXMAA(Өөрийгөө Хэнчбишийн Нэргүй гэсэн байгаан xexe) гэсэн нэрээр блог нээгээд түүн дээрээ Монголын зарим нэг томоохон компаниудын датабаазруу нэвтэрсэн тухайгаа бичжээ. Skytel, Mobicom, ШУТИС энэ тэр гээд л. Энэ нөхрийнхөөр бол Монголын ихэнх портал сайт, програм хангамжуудад алдаа буюу цоорхой байгаа гэнээ. Үүнийг би үнэний ортой байх гэж бодож байна. Монголд Мэдээллийн технологийн аюулгүй байдал гэдэг зүйл огт байхгүй шүү дээ. Үүнийг зохицуулах хууль, дүрэм журам гэж бас л байхгүй. Энэ маягаар бусдын зүйлрүү халдаад байвал хэцүү л юм байна да. Гэхдээ энэ хүний буруу гэж юу байхав, тухайн системийг боловсруулахдаа алдаа гаргасан инженерүүдийн л буруу гэж санагдахын. Үүнээс болж blogspot.com-ийг хаасан гэсэн мэйлүүд өнөөдөржингөө мэйл листээр ирлээ. За олон үгээр яахав хаяг нь: http://ajaxmaa.blogspot.com Орж үзээд нэгийг бодоорой :-)

Tuesday, February 17, 2009

Миний чөлөөт цагаа гэж

Миний чөлөөт цаг гээд бичих гэсэн чинь нээх юм санаанд ордоггүй ээ. Ер нь би гэж хүн өөртөө гарсан жаахан цагаа юу хийж өнгөрөөдгийн бол? Жаахан бодоодхий...
Өглөө босч ажилдаа гарахын өмнө нэг их цаг зарцуулахгүйгээр телевизээр мэдээ хальт үзэж гадуур дотуур болж байгаа зүйлийн талаар жаахан мэдээлэл авахаас нэг өдөрийн явдал суудал эхэлнэ. Өглөөний мэдээ үзэх нь миний амьдралын нэгэн хэвшил байгаан. Үүнийгээ тийм ч буруу хэвшил гэж үзэхгүй байгаа л даа. Тэгэнгээ хувцас хунараа хальт мульт өмсөөд л ажлын зүг гарч өгнө дөө. Ийм болохоор ажлын өдрүүдээр өглөөний чөлөөт цагаа иймэрхүү маягаар өнгөрөөгөөд байх шиг байгаан.
За тэгээд ажил дээр ирсэн л бол чөлөөт цаг гэж ёстой байхгүй. Заримдаа цайны цагтаа амжиж үдийн цайгаа ууна, заримдаа амжихгүй. Орой ажлын цаг дууссан байсанч миний ажил дуусаагүй байх нь элбэг. Хэ хэ чөлөөт цагаа бичих гэсэн болохоос ажлаа бичих гээгүй болохоор үүнийг ингээд орхий.
Орой хариад тэгэс ингэс гэж байтал л амрах цаг болчихно. Хаяа интернэтээр орж жаал зугаа блогоор хэснэ гэж байгаа. Ер нь бол хүмүүсийн бичсэн гоё гоё бичлэгүүдийг унших дуртай.
Амралтын өдрүүдээр бол жаахан чөлөөт цаг гарна шүү. Хагас сайны өглөө бэлтгэлдээ явж нэг сайхан хөлсөө гаргана даа. Бие халаалтаас эхлээд бүх дасгалуудыг хийж өгнө. Бие хамгаалах дасгал голдуу хийгээд, 3 цаг үргэлжилдэг болохоор нилээн ядардаг. Хамгийн сүүлд сунгалтын дасгал хийгээд дуусдагийн. Бэлтгэлээ тараад гэртээ ирээд шүршүүрт орох ч мөн сайхан шүү хэхэ. Тэгээд гэр бүлээрээ сууж хоол цайгаа идэж уугаал ккккк. Уул нь хагас сайнд бассейнд явах эрхтэй ч бэлтгэлтэй болохоор амждаггүй юмоо. Тэгээд ч их ядрах байх гэж бодоод байгаан. Хааяа эхнэртэйгээ кино үзэж гадуур жаал явна. Найз нартайгаа хааяа уулзана. Ингээд л амралтын өдрүүдээрх чөлөөт цаг дуусна даа. Гэхдээ цаг зуурын ажлууд их гардаг болохоор нэг л мэдэхэд өдөр өнгөрсөн байдгийн.
Чөлөөт цагаа аль болохоор спортоор хичээллэхэд зарцуулахыг хичээдэг ч тэр бүр болж өгдөггүй юм. Гэхдээ яахвээ 7 хоногт 1 удаа хичээллээд гүрийгээд л байдгийн хэхэ. Манайхаан өөрийн сонирхдог чиглэлээр хичээллэж эрүүл мэнддээ анхаараарай. Эрүүл мэнд юунаас ч чухал шүү.

Wednesday, February 11, 2009

Бидний хэдэн залуус

Сүүлийн үед ажил ихтэй гүйсээр байгаад блог нээснээ ч мартчихаж. Архаг блогчдын хажууд миний блог ч гэж инээдтэй зүйл харагдаж байгаа л да хэхэ. Аль болохоор ойр ойрхон бичихийг боддог ч цаг зав болж өгөхгүй юмаа. Бас блогоо хэрхэн сонирхолтой болгох, ямар чиглэлийн мэдээ мэдээлэл тавьж байх талаар бодохын.
Саяхан мессенжерээр "Би залуучуудад хэзээнээс л хэлдэг. Юун түрүүний асуудал бол өөрсдөө хөл дээрээ босч ирэх юм шүү гэж. Солих оймсгүй байж озон цоорчлоо, яанаа гээд хамаг урьдах ажлаа орхиод гүйгээд байх хэрэггүй. Оймсоо нөхчих, дараа нь санхүүгийн хувьд эцэг эхээсээ хамааралгүй болчих, дараа нь тэднийхээ ачийг нь хариулж тэжээх чадалтай бол. Ингээд системтэй явсаар байгаад нэг мэдэхэд чи Билл Гэйтс шиг баян болсон хойноо тэр озоноо янзал. Тийш нь мөнгө төгрөг өг" гэсэн бичлэг явж байсан. Энийг зарим нь уншсан байх л даа. Энэ бол тайлбарлалтгүй үнэн үг. Бидний хэдэн залуус яг ийм л байгаан. Монголд ажилгүй залуус их байгаад би харамсаад байдгийн. Бид нам, улс төр энэ тэр гэж гүйх ямар шаардлага байгаан. Тэрнийг нь хийдэг хүмүүс нь л хийдэг юм байгаан биз. Тэрний оронд их дээд сургууль төгссөн ч бай, төгсөөгүй ч бай өөрийнхөө хэр хэмжээнд таарсан ажил олоод ажилла л даа. Монголд ажиллах орон зай байгаа шүү дээ. Манай залуус голоод л байгаа болохоос. Ажилгүй байж байхаар олдсоныг нь хийгээд явж байхад ахиж дэвшинэ, туршлагатай болно, өөр илүү боломжийн ажил гарна шүү дээ. Шууд л өндөр цалинтай сайхан ажилд гайгүй албан тушаал дээр очино гэж байхгүй гэдгийг бүгд л мэдэж баймаар.
Ажилгүй залуус их байхын хэрээр нийгэмд гарах сөрөг үр дагаварууд ихсэнэ. Энэ ч аргагүй л дээ нэг л гуньж гутарсан хүмүүс Монголд амьдрахад хэцүү байна, ажил олдохгүй, цалин бага, гадаад гармаар байна гээд л баар кафе-гаар хэсээд байхын. Ингээд л архи, мансууруурах бодисыг хэрэглэж гарна. Тэгээд цаашаа юу болох нь ойлгомжтой болж байгаан.
За за олон үгээр яахав ойлгомжтой зүйл болохоор. Бидний хэдэн залуус ажлыг хүнд хэцүү гэж гололгүй хийж, түүнийхээ үр шимийг амсаж байгаасай л гэж хүсье дээ.

Wednesday, January 14, 2009

Д.Цоодол : Харамчийнхны дууль

Айхавтар, гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж

Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт навсийцгээн аж төрдөг байлаа
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор
Гэр нь бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлаа

Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй

Хониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэ
Ганц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад
"Гал гаргадаггүй өдөр" өө гээд халгаахгүй буцаачихна

Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарчээ

Халх гол уруу агт туух юм болж
Хагийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээв
Харамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэж
Хар амлацгаасан улс гайхаж гүйцэв

Суналзсан уургаа барьсаар мань Харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээ
Буруу зөвгүй номхон аль хурдан хурцыгаан
Бузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөө

Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм

Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээ
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм
"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэж
Суман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ.

Wednesday, December 24, 2008

Google search

Google ашиглан нэтээс хайлт хийж байгаад энэ тухайгаа жаахан ч гэсэн бичихээр шийдлээ. Мэддэг нэгэнд нь хэрэггүй байх л даа. Гэхдээ мэддэггүй хүмүүст бол жаахан ч гэсэн тус болох болуу гэж найдан хэдэн товчоо нүдлээ.
Google-ээс хайлт хийхэд хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Энийг хүн болгон мэддэг учраас илүүц нуршаад яахав. Жишээлбэл та Harry Potter киног хайж байгаа бол пид пад бичлээ, enter дарлаа, маш олон үр дүн гарлаа. Бүгд төлбөртэй, эсвэл хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Ийм учраас дараах түлхүүр тэмдэгтүүдийг ашиглавал илүү үр дүнд хүрэх болно.
"+" тэмдэг. Энэ нь заавал байх ёстой гэсэн утгыг агуулна. Жишээ нь "Harry Potter+3" гэж гуравдугаар ангийг хайна.
"-" тэмдэг. Дээрх нэмэх тэмдэгийн эсрэг утгатай. Энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
"~" тэмдэг. Үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр хайна. "~dog" гэвэл нохой болон нохойны хамаатнууд гарч ирнэ. Англиар хайх үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
"OR" тэмдэг. Ихэнх тохиолдолд | гэж бичдэгийн. Эсвэл гэсэн утгатай. Лондон эсвэл Парис дахь амралт сонирхож байгаа бол "vacation London OR Paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулж болдог. Жишээ нь: "DVD player $50..S100" гэж хайвал танд 50-100 долларын үнэтэй DVD тоглуулагчийг олж үзүүлнэ.
Үүнээс гадна тусгай үгнүүдийг тайлбалая:
"site::" үг. Тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтаас хайхыг хүсвэл "site::mn" гэж эхлүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн олон янзаар ашиглаж болно.
"intitle" энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя. Та "?intitle:index.of? mp3(хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал хүссэн дуугаа олох боломжтой. Жишээ нь хэрвээ би Rihanna-гийн Final goodbye дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 Rihanaa Final goodbye" гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж чадна.
"inurl" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернэт хаягийг нь тодорхойлж өгдөг. Жишээ нь "inurl:iaac" гэвэл url-д нь iaac гэсэн үг орсон бүх сайтыг олно.
За ер нь ингээл болж байх шив дээ. Аар саар зүйл орхигдуулсан байж магадгүй. Ерөнхийдөө бол дээрх хэдийг зөв холиод л юмаа хайна даа. Доор хэдэн жишээ үзүүлэнгээ дэлгэрэнгүй тайлбарлахыг оролдоё.

-inurl:(htm|html|php|shtml|pdf)intitle:"index of" (Pukka|Axxo|Fico|Diamond|IMBT) dvdrip xvid
Дээрхийг хаягийн мөрөн дээр copy, paste хийвэл бүх шууд татах DVD-ний буюу сайн бичлэгтэй видеонуудыг олно. Үүний задалбал:
Эхлээд "-" тавьсан байна. Араас нь (htm|html|php|shtml|pdf) гэж орсон байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ихэнх тохиолдолд сайтын өргөтгөлүүдийг хооронд нь OR холбоосоор холбоод урд нь хасах тэмдэгээр үгүйсгэл хийж байгаам. Ингэснээр хайлтын үр дүнд вэб хуудас бус задгай фолдер буюу директор олдоно гэсэн үг. Аа харин араас нь intitle:"index of" гэж байна. Ямарваа нэгэн вэб хуудаснууд сервер дээрээ фолдерт байрладаг бөгөөд тухайн фолдерлуу хандахад доторх index эсвэл default хуудас нь дуудагддаг гэдгийг сайн мэдэх байх. Харин тухайн фолдерт index байхгүй бол browser өөрөө автоматаар index of хуудсыг үүсгээд араас нь фолдерийн нэрийг залгадаг. Бидний жишээнд фолдерийн нэрээр томоохон кино хостуудыг OR ашиглан залгасан байна. Тэгээд төгөсгөлд нь жирийн хайлтад хэрэглэдэг шигээр бичлэгийнхээ чанарыг заасан байна.

intitle:сайтын нэр index.of+"Indexed by Apache::Gallery"+файл
Дээрх жишээнд ямар нэгэн сайт дахь хамгаалагдсан зурагнуудыг авах код бичлээ. Indexed by Apache нь browser-оор бус серверээр үүсгэгдсэн title-ийг дүрсэлж байгаан.

-inurl:(htm|html|php)intitle:"index of"+(.mp3|.wma)"linkin park"
Дээрх жишээнд html, htm, php хуудсуудыг inurl ашиглан хасаад файлынхаа өргөтгөлөөр нь mp3 болон wma-г сонгож, түлхүүр үгэндээ linkin park гэж хайсан байна. Ингэснээр уг хайлтаас linkin park нэгдлийн бүх mp3 болон wma өргөтгөлтэй дуунууд шууд татахаар олдохоор байна. Цааш нь өөрийн болгон ашиглаж сурах хэрэгтэй л дээ. Жишээ нь (.mp3|.wma)-ийн оронд (.avi|.mpg|.divx) гэх мэт видео өргөтгөл өгөөд л клипүүдийг нь шууд татахаар олж болно.

Гол нь зөв түлхүүр өгч, зөв гоё сэтгэх хэрэгтэй.