Monday, October 13, 2008

Арын сайхан хангай минь


Үнэхээр сайхан нутаг шүү. Ёстой л нэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар даа. Нутгаасаа гараад хэдэн жил болохдоо аав, ээж, ахан дүүсээ санахаас гадна тоглож өссөн хөндий, шумбаж сэрүүцдэг Хануй, Тамирын голоо тэр байтугай голынхоо алаг чулууг хүртэл санадагийн.
Зуны халуунд халууцсан хэдэн жаал унаж явсан даагатайгаа усанд орж бужигналдаад л... голын томоос том хавтгай чулуугаар ор хийн, нуруугаа наранд ээн хэвтдэг байсан тэр л үеүүд өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг.
Өглөө эртлэн босч адуундаа мордох мөн ч сайхан шүү. Хөдөөний хүүхэд бүрт унах дуртай морь гэж байдаг байж билээ. Миний хувьд өвөөгийн маань надад нэр зааж өгсөн үүлэн бор нэртэй бие жижигтэй явдал зөөлөнтэй бор морь байсийн. Түүндээ тэр үедээ хамгаас илүү хайртай байж билээ. Тийм болохоор өвөөдөө ч гэсэн хайртай, үгнээс нь ер гардгүй жаал байлаа.
Намар бүх малаа эхлээр нь тавьж, мараатай нууранд очиж хэд хонодог байсын. Жил бүрийн намар өвөөтэйгөө, аавтайгаа тэгэж хээрээр гэр хийж явах үнэхээр жаргалтай шүү. Тэр далимдаа сонгино, жимсээ түүгээд амжина.
Зарим өглөө ээж минь эрхлүүлж орноос босголгүй бор тагшинд минь өрөм боорцог овоолон хийж өгдөг байж билээ. Өглөө сэрэхэд нэрмэлийн үнэр хамар цоргиод л...
Шөнийн түг түмэн одод, намрын ургац хураалт, хадлан бэлтгэх, хонь хурганы ноос хяргах, хөл нүцгэн шавхай малтаж өссөн тэр бүх зураглал зүрхэнд минь тодоос тод хадгалаастай байдаг болохоор би нутгаа байнга санан дурсдаг.

Friday, October 10, 2008

Birthday - Life is time

Хүн хүнээ хайрлаж байж хайр гэгч аугаа зүйлийн хамгийн энгийн ойлголтыг өөртөө бий болгож байдаг юм болов уу. Харин үүнийг бий болгосон үндэс нь ээжийн минь хайр шүү дээ. Сарнай хэдий сайхан ч өргөстэй байдаг орчлонд амьнаасаа амь таслан төрүүлж хорин хэдэн хавар намрыг элээн хайрласан хайранд тань баярлалаа Ээжээ. Хүү нь таньдаа шүүдрийн усаар цай чанаж өгч чадахгүй ч сэтгэл дотроо мөнхөд дээдлэж явах болноо.

Tuesday, October 7, 2008

Миний UB

Нийслэл хот Улаанбаатар шиг минь өвөрмөц сайхан хот энэ дэлхий дээр алгаа. Яагаад гэхээр шаварт унасан шарга даага гэгчээр яалт ч үгүй Монголдоо төрж, хотдоо амьдрахаас өөр сонголт байхгүй учраас муулаад яахав гэж бодсондоо ингэж хэлж байгаам. Өвөлдөө утаан баатар, хавардаа шороон баатар, зундаа хогон баатар, намардаа юу гэдэг ч билээ дээ... Засаад, залруулаад, жаахан хөгжүүлээд өгөхгүй бол авамгүй олон асуудлууд ар араасаа арзайсаар, сарзайсаар...

4 сайхан уулын дунд уйтгартайхан сүүмийдэг хотынхоо газар шороон дээр алхалгүй зүгээр л гишгэсийн. Гишгэхээрээ би шорооноосоо бусгадаг, бусгаснаасаа бургидаг, хахдаг, цацдаг, ханиадаг, найтаадаг, уушгаа хармалдаг, гутлаа өрөвддөг, хувцсаа хайрладагийн. Энэ их шорооноос болоод амраг хосууд салж, эцэг эх нь үр хүүхдээ танихгүй нь холгүй болж байгаан гэсэн. Учир нь хайрт 2 уулзмаар л байдаг, уулзаад суух, зугаалаад явах газар олдохгүй. Олдсон нь баар болж таараад, ороод уугаад, согтоод, унтаад, үг нь олдоод, үхэр нь холдоод дуусдаг гэж байгаа.. Үүнээс болооод олон аавын хүү архичин болсон, тамхичин болсон, ээж болсон, аав болсон, хүсээгүй бэйби үсрээд гараад ирсэн. Хөгшин залуугүй ийм асуудалтай.
Энүүхэн энэ хонхортоо сэтгэхэд нийгэм иймээрээ үргэлжлээд байвал ирээдүй маань бүтэхгүй нь гэж айсандаа, шийдэх арга байдгиймуу гэсэндээ, нэгэн "Мэргэн хүн"-ий үйлдлийг ажлаа. Мэргэн хүний амьдардаг хотод шар будаанаас ч олон байшин баригддаг гэнэ. Байшин бүр өөрийн гэсэн өнгө үзэмж, үүрэгтэй юм байна. 
Жишээ нь: Хотын овоо мөнгөтэй нэг баагий барилга барихаар төлөвлөсөн барилгын зураг, төслөө аваад хотын захиргаан дээр очин хот төлөвлөлтийн "Менежер хүн"-д үзүүлнэ, тайлбарлана. Гэтэл менежер өөдөөс нь: таны барих гэж байгаа барилгын дизайн манай хотын энэ хэсэгт тохирохгүй нь. Үнэндээ хотын баруун хэсэгт Европ загварын байшингуудыг хүлээн зөвшөөрдөг ба өнгө нь бүгд цайвар өнгөтэй байх хэрэгтэй. Таны төлөвлөсөн барилга бол хотын хойд хэсэгт илүү тохирох учир бид хүлээн зөвшөөрч болноо. Гэхдээ та барилга барих эрхээ авахын тулд барилгаа тойруулаад хааш хаашаа 1км газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та барилга тойрсон барилгаа бага гэж үзэж байгаа бол та хотын хойд хэсэгт сургуулиудын дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн хийж өгч болно. Дээрх 2 нөхцлийг хүлээж авах боломжгүй бол хотын төвд баригдаж эхлээд байгаа "CITY GARDEN"-г барих ажилд өөрийн хувь нэмрээ оруулж болно. Энэ 3 нөхцлийг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол бидний зүгээс танд барилга барих эрх өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой. 
- Цэцэрлэг барихаас өөр сонголт байгаа юу?
- Улсын эзэмшилд байдаг Хөгшдийг асрах барилгыг шинэчлэн өгч болноо.
- Ойлголоо, би барилгаа тойрон цэцэрлэг барих эхний нөхцлийг хүлээн зөвшөөрч байна.
- За тэгвэл та барилгатайгаа хамт цэцэрлэг барих ажлыг хүлээн зөвшөөрсөн баталгаажуулах бичиг баримтаа бүрдүүлж дууссаны дараа барилгын эрхээ авч, ажлаа эхлэнэ үү... 

Барилга, байгууламж барихаар зэхэж байгаа хар мянган компаниудыг хот төлөвлөлтийн газраас нь ингэж зохицуулдаг юм билээ. Хотын хаан, ямар дизайнтай, ямар өнгөтэй, ямар өндөртэй, ямар зориулалтаар ашиглагдах барилга баригдахыг уже төлөвлөсөн байх ба цэцэрлэгжилтийг хэрхэн хийх, цаашлаад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талыг нь хүртэл холбон төлөвлөж чадсан нь гайхмаар юм шиг, биширмээр ч юм шиг. /манайх энэ аргыг хэрэгжүүлээд эхэлбэл менежер нь авлигад автах нь бүүр их болчдийм биш байгаа. Гэхдээ тэднийг хянах байгууллагыг зөв голдиролд нь оруулах арга бас байнаа./

Хотын маань хот төлөвлөлтийн менежерүүд нийслэлээ төлөвлөх ажлаа сайн л хийж байгаа байлгүй. Монгол, Улаанбаатар гэхээр л газар шороо гэдэг үг амнаас гардаг. Харин одоо зүлэг, мод гэж өөрчлөх боломж бидэнд байгаа. Хот маань тэр чигээрээ цэцэрлэгжээд ирвэл амраг хос, оюутан залууст гуя алгадам завшаан болж, хүүхэд залуучуудын маань хүмүүжлийн доголдлыг засахад гөөмөн сайхан ажил болно доо.  Ядаж л талбайн хажуугийн дуусаагүй барилгын цэцэрлэгжүүлсэн ганц талбай дээр овооролгүй хуваагдаал, тараал, бутраал амар байхгүй юу. 
Юу ч хийхгүй байжийхаар туршаад, хэрэгжүүлээд, арга хэмжээ аваад үзэх л хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орнуудын ихэнх нь энэ аргыг хэрэлэж байхын. Муудсан юм ер алга. Бид ч гэсэн юугаараа дутдийн тэ...

Миний сайхан хотод өнөөдөр жаахан цас бороо холилдож орлоо л доо. Гэтэл яасан нөгөө сайхан шороо нь хогтой нийлж нороод сайхан зуурмаг болж байгаам. Зуурмаг нь хатаад юу ч болдог билээ дээ. Энэ мэтээр яриад байвал авамгүй асуудлууд ар араасаа арзайсаар, сарзайсаар...  

Wednesday, September 24, 2008

Sergey Brin блог бичиж эхлэв

Google-ийг үүсгэн байгуулагчдын нэг Sergey Brin саяхан blogspot дээр маш энгийн загвар бүхий too гэсэн нэртэй өөрийн блогоо бичиж эхэлжээ. Түүний бичсэнээр "Миний блогт тавтай морил. Google нь Googol-ын хэмжээнд байдаг бол too нь зүгээр энгийн нэг 2-ын тоо гэж ойлгож болно. Энэ блогтоо ажлынхаа талаар бус өөрийнхөө амьдралын талаар бичиж байх болно." гэсэн байна. Ингээд түүний блогоор зочилцгооё.
http://too.blogspot.com

Tuesday, September 23, 2008

Найзын тухай

Ажил дээрээ бичиж сууна. Дарга жаахан орчуулах материал өгсөн ч ахих нь тун бага, явдаггүй ээ. Ингээд вимо-р жаал хэслээ, тэгээд гэнэт удаан жил нөхөрлөсөн найз нарынхаа тухай бичмээр санагдаад, бичих санаатай хэдэн товчлуур цохиж сууна.

Ер нь би гэдэг хүн сургууль төгсөж хоолондоо залгаснаас хойш юу хийж гүйцээв ээ гэж бодогдоод тоолсон чинь тоймтой юм үлдсэнгүй ээ. Уул нь зөндөө ажил байхын гол нь өөрөө сэтгээд хийсэн нь ховор юм, хүний өгсөн үүргээр бол сайн л амжуулсан байхын. Уул нь оюутан байхдаа жаахан мэрийдэг хүн байж билээ. Даанч сүүлдээ эрс буураад хувиа хичээсэн бессемист болж хувирсан юм шиг байна. Гэтэл яг тийм гэхээр нийтэч хэвээрээ байхын. Яасан олон найз нөхөдтэй байсын сүүлдээ байгалийн шалгарал яваад зарим нь давааны ёроолд үлдэж, заримыг нь би замдаа гээж, зарим нь намайг гээж эцсийн шалгаруулалтанд эрчүүдээс 3 сайн найз үлддэг байна ш дээ. Дотно гэдэг утгаараа л даа. Гэхдээ сайхан найзууд олоон олон. Монголдоо төдийгүй гадаад бий.

Би их сургуулийн хоёр лаг найз, нэг 10 жилийн тас найзтай хүн л дээ. Алдаж оносон амьдралын нугачаа бүрийд хамтдаа байж аажуухан ч гэсэн бид хэд хамт өтлөж байна хэхэ.

Хамгийн эхлээд багын найзаасаа хэлий л дээ.

Тэр бид 2 бүүр горшокны найзууд. Сумын яслид мөлхөж яваад мөргөлдөж танилцаж билээ. Тэр бамбарууштай горшоктой би чонотой горшоктой. Хааяа горшокоо булаалдаж уралцдаг байлаа гээд хадуураад байхгүй юу хэ хэ. Бараг л мэдээ орох цагаасаа найзалсан хоёр баагий. Мөн ч олон зодолдож тэр хэрээрээ эвлэрсэн юм байна даа багадаа. Харин ухаан сууснаасаа хойш нэг удаа ч гар зөрүүлж тэр байтугай ам зөрж үзээгүй юм даг. Найз нар ямар байдаг тийм л замаар явсан. Хоосон хонгио, хоолтой мантуутай байхдаа ч бие биенээ орхиогүй ээ. Бараан өдрүүд таарвал хамт гуньж, баяртай өдөр байвал дарвайтлаа инээлдээд л арван жилээ хүртэл нэг ангид төгсөж нэг мэдэхэд бид хоёр найзлаад 22 жил өнгөрч. 10 жилээ төгсөөд үй зайгүй найзтайгаа их сургуульд орохоор ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад хотын бараа харваа. Хөөх хот гэдгийг чинь анх үзээд баахан балмагдаж, хаана яваагаа ч мэдэлгүй эргүүтсээр нэг муу юм гэр сургууль хоёрынхоо хооронд гэлдэрдэг байж билээ. Мань хүн Багшийн дээдэд би МУИС-т орсийн. Тэр үед гар утас гээч нь бараг байхгүй бие биенээ хүн амьтнаас сураглан байж уулздаг байлаа. Одоо манай энэ хүн солонгос оронд ажиллаж амьдарч байна. Байнга л мессенжерт орж ирнэ. Заримдаа бүгдийг мартаад баахан буу халчихана гэж байгаа. Багын найз Мэндээ бид хоёрын нөхөрлрсөн түүх товчхондоо нэг ийм.

Би гэж гөжүүд баагий МУИС-ийн геологийн анги авчихаад түүндээ орохгүй гэж аавийгаа баахан шатааж байж ангиа солиулан МКС-ийн хэрэглээний математикийн ангид 9 сарын 1-нд арайхийн орж амжив. Тэгсэн нь их сургуулийнхаа 2 найзтай учрах гээд л зүтгээд байсийн байж.

Анх ангидаа ороод Архангай нутгийнхаа сайн ярьвал нэг суманд төрсөн Нямаа гээч даруухан, хэнтэй ч яриа өдчихдөг бандитай таарваа. Бид 2 чинь уул нь бие биенээ аймгийн математикийн олимпиад дээр хэд хэдэн удаа харж байсан удаатай л даа. Манай энэ хүн аймгийнхаа нэг номерийн тоочин, урдуураа улаан хөлтэй амьтан гаргаж үзээгүй, жил бүр улсын олимпиадад явна. Ямар сайндаа л Эрдэнэмандалын гавал гэдэг нэртэй байхав. Мань 2-ийн чинь аавууд бас л нэг нутгийн, их сургуулийн найзууд гэж байгаам. Тэгсэн чинь бид 2 ингээд таарчихдаг. Түүнд нь одоог хүртэл билэгшээж явдгийн.

Ингээд л Нямаатай нэг сургуульд бүр нэг ангид санаандгүй байж байгаад л ороод ирсийн. Найзалсаар найзалсаар хаа ч явсан хамт явсаар. Нямаа маань их ухаалаг, аливаа зүйлд буйртай ханддаг, тууштай санаа бодолтой ний нуугүй хэлэхэд хүнлэг гэхэд дэндүү хүнлэг хүн. Их сургуульд ороод ч тэр сурлагаараа урдуураа оюутан гишгүүлээлгүй онц дүнтэй төгссөн юм.

Одоо бодоход найз маань надад тусалсан нь миний түүнд тусалсанаас хэдэн арав дахин их юм билээ. Тэр бүгдийг бичээд байвал дэндүү урт чагсаалт гарах байх даа. Бид хоёр нэг нэгнийгээ юу хэлэх гээд байгааг шууд л мэддэг. Манай хүн их сургуулиа төгсөөд Монголын төмөр замын удирдах газар програмистаар 3 жил ажиллахдаа ямар том хэдэн систем бичсэн гэж бодож байна. Төмөр замаар зорчих хэдэн сая зорчигчдын бүхий л тооцоог хийдэг билет кассын систем, төмөр замаар тээвэрлэгддэг хэдэн сая тонн ачаа тээшийн тооцооны систем гээд хэд хэдэн томоохон биш томоос том системүүдийг зохиож, хариуцаж явсийн. Мань хүнийг нэг цаг гэртээ байхад нь л төмөр замийн ажил зогсох дөхдөг тийм л хэрэгтэй хүн нь. Үнэхээр найзаараа бахархдаг. Бас гарын дүйтэй гэж байгаа зурна, сийлнэ.

Одоо Нямаа маань аралын Японд ажиллаж амьдарч байгаа, лаг програмист. Бас л байнга мессенжерээр чатлана, сонин хачнаа хөөрөлдөнө.

Их сургуульдаа дотно нөхөрлөсөн бас нэг найз бол Туулайхүү. Уг нь жинхэнэ нэр нь Эрдэнэтуул л даа. Гэхдээ бид нар янз бүрээр дуудна. Туул, Эрка, болжмор нухдаг гээд л. Анх нэгдүгээр курст сурч байхад манай энэ хүн тараад л хаашаа явдгийн бүү мэд таг алга болчихно. Мань 2 той нээх нийлкү. 2-р күрсээс л ойртсоор ойртссор нэг л мэдэхэд үй зайгүй найзууд болсийм даа. Бас л толгойтой, хөгжилтэй, тусч. Бид хэдээс хамгийн түрүүнд аав болсон хүн дээ. Сургуулиа төгсөөд л Солонгос явхаар хөөцөлдөж эхэлсэн. Бүтэх нь, бүтэхгүй нь, хөөцөлдөж байна гэсээр байгаад л яваад өгсөн. Одоо мөн л Солонгост ажиллаж амьдарч байна.

Хорвоо гэж сонин шүү. Ийм сайн хүмүүсийг надтай друзья болгож орхидог. Бидний 2 нь Солонгост, 1 нь Японд харин би Монголдоо. Бид хэд үсээ цайж, шүдээ үйртэл хамт найзалсаар явах байх гэж боддог юм.

Олон сайн найз нар ар нуруунд хутга шааж байхад миний муу найз нар өртөн байж хамгаалдаг байж билээ. Миний өмнөөс олон олон мэсэнд өртсөн найзууддаа төлж үл барам өртэй ч түүнийгээ алба юм шиг боддогт нь би тэдэндээ баярладаг. Нэг л өдөр бид хамтдаа насны намба заан тагтан дээрээ гаанс нэрж суух байх даа анд нар минь.

Та хэдтэйгээ удахгүй уулзахын ерөөл тавья даа.

Friday, September 19, 2008

.:Сайхан өдөр байна:.

Өнөөдөр нар гийсэн нэг л сайхан өдөр байнаа. өдөр судар ч жирэлзээд талийж өгсөн байхшив. нэгдүгээрт, амьдрал супербизи байна. зав чөлөөгөөр нь нэт энэ тэр шагайх ч оройд нь нисэх энэ тэр лүү далийж цагаа барсаар.
Хоёрдугаарт, есөн сарын дунд гэдэг чинь тариа ногоо хураагаад пижигнээд л нэг их удалгүй айлчлах анхны цасыг өөр дээрээ том томоор оруулж амьдралын эерэг эффэктүүдтэй микслэж гальт төсөөлөн бодоол ... нэг тиймэрхүү бүүдгэр голдуу өдрүүд байдаг ч билүү гүй ч билүү. халуун кофе уумаар ч шиг. уржигдар 17-нд хажуугийн зочин буудалд нэвт хурим найр болж унтах цагаар салют пижигнүүлж зүрхний өвчнийг минь жаахан сэдрээв. би тийм юманд үнэн голоосоо дургүй. хиншүү утаа үнэртэх ч шиг, байлдаантай кино санагдах ч шиг. юутай ч монголчууд маань хоосон тэнгэрт цацаж үрэх мөнгөтэй л болсийм билээ. мөнгө нь байгаа бол луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаа алга, гэхдээ л ... за за зүгээр л хэлж байна.
ойр зуур гэвэл нэг иймэрхүү, хол алсуур гэвэл янзүрийн том жижиг дампуурал, алтан медаль энтэр, их хурал, алт зэс, сонгууль цуглаан, сая тэрбум төгрөг энтэр гээл сонин содон их л байгаа байх. за тэр ч яахав ... тэгэсхийж байгаад юуны ч тухай биш, хэний ч тухай биш хазгай муруй юм бичнээ яадын хэ хэ.